Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“УЛААН БУРХАН ӨВЧИНД ЦЭГ ТАВЬЯ” ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ ЯВАГДАЖ БАЙНА.

 

 

 

“Дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулах тухай”  Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/207 дугаар тушаалыг хэрэгжүүлэн  “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор 2019 оны 5 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд улсын хэмжээнд улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулж, аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 161 дүгээр захирамжаар байгуулан ажиллаж байна.

 Манай аймаг улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакцинаар 5-18 насны 18706 хүүхдийг дархлаажуулах судалгаа гарсан. Дархлаажуулалтын 10 хоногийн  нээлтийг Улиастай сумын Дэвшил сургууль дээр зохион байгуулж, Эрүүл мэндийн ажилчид аймгийн хэмжээнд 24 сумын 30 сургууль, 40 цэцэрлэгт очиж ажиллаж байна. Ямар нэгэн шалтгаанаар хоцорсон хүүхэд өрхийн эмнэлэгт очиж  вакцинаа заавал хийлгэнэ. 

Улаанбурхан өвчний тохиолдол Монгол улсын өмнөд хэсэг Өмнөговь аймагт 2019 оны 3-р сарын 6-ны өдөр бүртгэгдсэн. Тухайн тохиолдол нь 39 настай, гадаад улсын иргэн бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн ажилтан юм. Одоогоор мэдэгдээд байгаа хоёр дахь тохиолдол нь Говьсүмбэр аймгийн дунд сургуулийн сурагч 13 настай хүү бөгөөд уг 2 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.  

 Монгол улс Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон хэмээн 2014 онд батламж авсан хэдий ч 2015-2016 онд буюу 2 жилийн хугацаанд тус өвчин дахин дэгдсэн нь Монгол улсын түүхэн дэх хамгийн их тархалттай дэгдэлт болсон юм.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй халдварт өвчнүүдийн нэг бөгөөд Улаанбурхан өвчний эсрэг хүн амын дархлал тогтоц 95 хувиас доош байгаа нөхцөлд тус өвчний вирус хүн амын дунд дамжин тархах эрсдэл бий гэж үздэг.

Үндэсний хэмжээнд 2016 онд хийгдсэн улаанбурхан, улаануудын дархлал тогтоцын ийлдэс судалгааны үр дүнд Монгол улсын 8-17, 31-35 насны иргэдийн улаанбурхан өвчний эсрэг дархлаа 90 хувь байгааг тогтоосон.

Монгол улсад 2019 оны 3 сараас хойш Улаанбурхан өвчний тохиолдол дахин бүртгэгдээгүй байгаа хэдий ч тус өвчний дэгдэлт дэлхий даяар дахин сэргэж байгаатай холбоотойгоор дэгдэлт гарсан улс орнуудаас өвчний үүсгэгч дамжин орж ирэх эрсдэл өндөр байна. Уг өвчний халдвар маш хурдан тархацтай тул гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн вирус нь бага насны хүүхдүүд, дархлаагүй иргэд халдварлах эрсдэлтэй.

Улаанбурхан өвчин, түүнээс үүдэлтэй хүндрэлүүдэд менингоэнцефалит, нүд, хараа, чихтэй холбоотой хүндрэл, өвчлөлүүд, хүнд хэлбэрийн суулгалт, түүнээс улбаатай шингэний дутагдал, уушигны хатгаа зэрэг онц ноцтой амьсгалын замын халдварт өвчнүүд багтах ба цаашлаад нас баралтад хүргэх эрсдэл 10-30 хувь тохиолддог.

 

Халдварлах эрсдэл хэнд хамгийн өндөр вэ?

  • Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах эрсдэл хамгийн өндөр.
  • Энэ өвчнөөс үүдэлтэй хүнд хэлбэрийн хүндрэлүүд 5-аас доош болон 30-аас дээш насны иргэдийн дунд хамгийн элбэг тохиолдоно.
  • Улаанбурхан өвчний эсрэг дархлаа тогтоогүй бүх иргэд халдвар авах боломжтой.

Улаанбурхан өвчин хэрхэн халдварлах вэ?

  • Халдвар тээгч ханиах, найтаах үед, мөн түүнтэй аливаа байдлаар ойртож хүрэх, хамар болон амны хөндийн халдвартай шүүрэл /нус, цэр/ хүрэлцэх зэргээс халдварлана.
  • Өвчний вирус агаар болон халдвар үүссэн гадаргууд 2 цаг хүртэлх хугацааны турш идэвхтэй буюу халдвар үүсгэх чадвартай байдаг.

 

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Өндөр халуурах. Энэ нь вирус халдсанаас 10-12 өдрийн дараа эхэлж, 4-7 хоног үргэлжилнэ.
  • Үүний дараа биеэр, ихэвчлэн нүүр, хүзүүний дээд хэсгээр тууралт гарна. Тууралт гарснаас хойш 3 хоногийн дотор тууралт нэмэгдэж, гар, хөлөөр тархана. Тууралт нь 5-6 хоноод бүдгэрнэ.

 

 

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГА, БАГШ, ЭЦЭГ, ЭХ ТА БҮХНИЙГ ДАРХААЛЖУУЛАЛТАД ХҮҮХДЭЭ  ИДЭВХТЭЙ, ХАМРУУЛАХЫГ  УРИАЛЖ БАЙНА .

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-20 08:51:29