Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“Хаврын баяр 2019” урлаг, спортын Их наадмын урлагийн төрлийн тайлан

 

Соёлын биет бус өвийн бүтээлийн уралдаан:

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Хаврын баяр 2019” урлаг, спортын их  наадам 2 үе шаттай зохион байгуулагдсан ба бага наадмыг сум бүр зохион байгуулж, сумдаас шалгарсан ардын авьяастнууд, өсвөрийн морин хуурч хүүхдүүд Улиастай сумд 5 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Их наадамд соёлын биет бус өвийн бүтээлийн уралдаан,  өсвөрийн морин хуурчдын VII  уралдаан гэсэн хоёр төрлөөр оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг илрүүлэх, дэмжих, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, шинэ залуу ардын авьяастныг төрүүлэх зорилгоор Соёлын биет бус өвийн бүтээлийн уралдааныг анх удаа зохион байгууллаа.

Сумдын соёлын төвүүд Соёлын биет бус өвийн таван ай сав болох эх хэл аман уламжлалын илэрхийллүүд, ардын язгуур урлаг, үндэсний уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, зан заншил, уламжлалт арга технологи, ардын уламжлалт гар урлалын нэг төрлийг сонгон авч, 15-25 минутын найруулга бүхий бүтээлээр оролцлоо.

 

Бүтээлийн уралдаанд монгол наадам, монголчуудын хуримлах, бэр гуйх, эсгий хийх ёс, язгуур урлаг, үлгэр домог, ботго авахуулах зан үйл, хүүхдийн сэвлэг үргээх ёс, хүүхэд угаах зан үйл зэрэг төрлөөр 22 сумын 292 соёлын биет бус өвийг өвлөн тээгч, ардын авьяастан өрсөлдлөө.

Соёлын биет бус  өвийн бүтээлийн уралдааныг Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал, дэд профессор, хөгжим судлаач  Г.Ганцэцэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт хөөмийч, СУИС-ийн хүндэт доктор, Монгол хөөмэйн холбооны удирдах зөвлөлийн тэргүүн Б.Одсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Хөгжмийн зохиолч Тараа, СУИС-ийн докторант Б.Баасансүрэн нар хүрэлцэн ирж, шүүн тунгаалаа.

Соёлын биет бус  өвийн бүтээлийн уралдааны Тэргүүн байранд  Идэр сумын  “Монгол гэр барих ёс” бүтээл, дэд  байранд Улиастай сумын “Монгол хуримын ёс” бүтээл, гутгаар байранд Их-Уул сумын “Монгол ахуй” бүтээл,  тусгай байранд Тосонцэнгэл сумын “Монгол наадам” бүтээл, Отгон сумын “Монголын нэг өдөр” бүтээл тус тус шалгарлаа.   

Шүүгчид дэлхий ертөнц даяарчлагдаж буй 21-р зуунд Монгол үндэстний дархлаа болсон соёлын үнэт өвөө авч үлдэх, ондооших боломж нь соёлын биет бус өвийн төрөл зүйлүүдээ залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, шавь сургалтыг дэмжих,  нутгийн өв соёлын онцлог, өвлөн уламжлагчдыг дэмжих, соёлын биет бус өвөө хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах талаар зөвлөн тусалж, мартагдаж устах аюулд орсон нутгийн ардын дуу “Богдын өндөр” уртын дууг сэргээн дуулсан Идэр сумын ардын авьяастнууд, Отгон  сумын хуурын татлага, хулсан хуур, үлгэр ярьсан ардын авьяастнууд, Тэс сумын Урианхай биелгээ, “Жаран цагаан хонь” нутгийн ардын дууг сэргээн дуулсан ардын авьяастнууд, Баянтэс сумын биелээч нарт баяр хүргэж, Монгол хүн, монгол үндэстний амин дархлаа болсон монгол өв соёлоо дээдлэх, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх цаг үеэ олсон уралдаан болсныг сайшаан тэмдэглэлээ.

Цаашид нутгийн өвөрмөц онцлог, түүхийг харуулсан дуу хуур, бүжиг наадам, нутгийн ардын дууг сэргээн дуулах, хойч үед өвлүүлэн үлдээх, шавь сургалтыг дэмжих, судалгааны эргэлтэнд оруулах  чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах хэрэгтэй гэдгийг онцоллоо.

 ӨСВӨРИЙН МОРИН ХУУРЧДЫН  7 ДУГААР УРАЛДААН

Монгол түмний хосгүй үнэт өв, соёлын  биет бус  өвийг өвлөн  илэрхийлж буй Завхан аймгийн  Өсвөрийн морин хуурчдын  урын сан, арга барил, ур чадварыг нэмэгдүүлэх, монгол оюун соёлын хосгүй өвийг өвлөн уламжлуулах, сурталчилан таниулах зорилгоор Өсвөрийн морин хуурчдын 7-р уралдааныг аймгийн Засаг даргын нэрэмжит” Хаврын баяр 2019” урлаг спортын наадмын хүрээнд зохион байгуулж, 4 төрөлд ерөнхий боловсролын  240 гаруй авъяаслаг суралцагчид оролцлоо.

Бага ангийн гоцлол төрөлд: Тэргүүн байранд Тосонцэнгэл сумын Ерөнхий Боловсролын 2 дугаар сургуулийн суралцагч Болдбаярын Санжаасүрэн, дэд байранд Тэс сумын Ерөнхий Боловсролын сургуулийн суралцагч Нэмэхбаярын Өсөхбаяр, гутгаар байранд Их-Уул сумын ЕБС-ийн суралцагч Болдбаатарын Мөнхбаяр нар шалгарч,  Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал хүртлээ. Тусгай байранд Идэр сумын ЕБС-ийн суралцагч Лхагважаргалын Отгонсүлд,  Яруу сумын ЕБС-ийн суралцагч Золзаяа  нар шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Дунд  ангийн гоцлол төрөлд: Тэргүүн байранд Улиастай сумын Ерөнхий Боловсролын Дэвшил сургуулийн суралцагч Дэлэгсамбуугийн Шааравжамц, дэд байранд Улиастай сумын Ерөнхий Боловсролын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн суралцагч Ганзоригийн Чулуунцэцэг, гутгаар байранд Улиастай сумын ЕБ-ын 3-р сургуулийн суралцагч Чимэдцогзолын Соёл-Эрдэнэ нар шалгарч, Өргөмжлөл, медаль,  мөнгөн шагнал хүртлээ. Тусгай байранд Алдархаан сумын ЕБС-ийн суралцагч Оюунцэцэгийн Хонгорзул, Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн суралцагч Баянмөнхийн Анужин шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Ахлах ангийн гоцлол төрөлд: Тэргүүн байрыг Их-Уул сумын Ерөнхий Боловсролын сургуулийн суралцагч Нэмэхбаярын Адьяабаяр, дэд байрыг Тосонцэнгэл сумын Ерөнхий Боловсролын 2-р сургуулийн суралцагч Болдбаярын Маралмаа, гутгаар байрыг Идэр сумын ЕБС-ийн суралцагч Баянмөнхийн Болорцэцэг нар эзэлж, Өргөмжлөл, медаль,  мөнгөн шагналаар шагнагдлаа. Тусгай байранд Улиастай сумын Ерөнхий Боловсролын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн суралцагч Арслангийн Бямбасүрэн шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Хамтлагийн төрөлд: Тэргүүн байранд Тосонцэнгэл сумын Ерөнхий Боловсролын 2-р сургуулийн “ Хос чавхдаст” хамтлаг, дэд байранд Улиастай сумын ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн “Тэнгэрлэг” хамтлаг, гутгаар байранд Улиастай сумын Ерөнхий Боловсролын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн “Содон аялгуу” хамтлаг тус тус шалгарч, Өргөмжлөл, медаль,  мөнгөн шагналаар шагнагдлаа. Тусгай байранд Алдархаан сумын ерөнхий боловсролын сургуулийн  “Мөнхөд уянгалах эгшиг”, Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн “Хос эгшиг” хамтлаг тус тус шалгарч Өргөмжлөл,   мөнгөн шагналаар шагнагдлаа.

Өсвөрийн морин хуурчдын 7-р уралдааны Гранпри шагналын эзнээр Улиастай сумын ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн 12-р ангийн суралцагч Пүрэвжавын Адьяа шалгарч, ивээн тэтгэгч “Эгшиглэн манлай” компаний 750 мянган төгрөгийн өртөг бүхий морин хуураар шагнагдлаа. Өсвөрийн морин хуурчдын 7 дугаар уралдааныг Соёл урлагийн Их сургуулийн хуурын багш Соёлын Тэргүүний Ажилтан Н.Түвшинжаргал, “Этүгэний аялгуу” сургалтын төвийн захирал Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Ю.Уртнасан, Соёл урлагийн Их сургуулийн Завхан аймаг дахь салбар Хөгжим Бүжгийн коллежийн морин хуурын багш Б.Өнөрсайхан нар шүүн тунгаалаа.

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-28 09:17:43