Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн Завхан аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна. Өчигдөр ард иргэдтэй уулзалт ярилцлага хийж “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” зохион байгуулсан бол өнөөдөр төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтнуудад сургалт, семинар зохион байгуулж 24 сумын 500 гаруй төрийн албан хаагч оролцлоо.
Энэ үеэр “Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, “Авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг, анхаарах асуудал”, “Авлигын эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, асуултад хариулт өгч ажиллалаа.
Сургалтад оролцож буй төрийн албан хаагчид Авлигатай тэмцэх газраас цаг үеэ олсон чухал семинар зохион байгуулж буйд талархлаа илэрхийлж, хуулийн зарим ойлгоход хүндрэлтэй зүйл заалтуудыг бодит жишээгээр тайлбарлах зарчмыг баримталсан нь сонирхолтой, ач холбогдолтой, үр дүнтэй болсныг онцлов.
Энэ үеэр Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхамсүрэн “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Бат-Эрдэнэ “Авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Батхишиг “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Төв номын сан”-д зочилж ном, гарын авлага, хуурцагууд бэлэглэв.
Өнөөдөр мөн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, Авлигатай тэмцэх газраас 2018, 2019 онд өгсөн “Зөвлөмж”-ийн хэрэгжилттэй тус тус танилцаж байна.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ