Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор Монгол Улс 2025 оноос албан бичгээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. Тиймээс Завхан аймаг оюуны соёлын үнэт өв болсон босоо Монгол бичгээ хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх, хүн бүр уншиж, бичих чадварыг эзэмших, монголоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилгаар аймгийн Засаг дарга Д.Батсайхантай хамтран хэрэгжүүлж буй “Миний Монгол-2025” хөтөлбөрийг 2019 оны хавар эхлүүлж эхний шатны сургалтаар 200 хүүхэд, 100 багшийг амжилттай сургаж, 30 багшийг ӨМӨЗО-ны Хөх хотод суралцуулсан билээ.
Тэгвэл энэ удаад “Миний Монгол-2025” хөтөлбөрийн хоёрдугаар шатны сургалтыг зургаан бүсэд зохион байгуулж, 24 сумын 1600 гаруй хүүхэд, багш, эцэг эх, сонирхогчид Монгол уран бичлэгийг амжилттай суралцлаа. Монгол уран бичлэгээ хамгийн сайн суралцсан сургууль бүрээс нэг хүүхдийг шалгаруулан аймгийн Засаг дарга шагнаж урамшуулсан бол сумын Засаг дарга нар, “Хатан ухаан” төв шилдэг сурагчдыг шагнаж урамшууллаа.
Сургалтыг босоо монгол бичгээ өнө удаан жил уламжлан хадгалж яваа Өвөр Монголын Өөртөө Засах Орны Монгол хэлэн зүйн эрдэмтэн доктор, нэрт уран бичигтэн Ийшийн Сувади, Отог өмнөд хошууны монгол дунд сургуулийн удаан жилийн захирал Толгарын Вандинбуу, монгол бичгийн уран бичлэгийн багш Ө.Одгэрэл, уран бичлэгийн багш Ю.Отгонмаа нар удирдан явууллаа. Хоёрдугаар шатны сургалтаас нийт 300 гаруй шилдэг бүтээл төрсөн бөгөөд багш нар шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.
Монгол уран бичлэгийн гуравдугаар шатны сургалт 2020 оны хавар эхэлнэ.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ