ЗАВХАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ 347 ИРГЭН ӨГЧ БАЙНА
3297 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн албаны ерөнхий шалгалтыг өнөөдөр анх удаа улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна. Энэхүү шалгалт нь төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилготой юм. Улсын хэмжээнд 8996 иргэн, Завхан аймагт 347 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлж өнөөдөр ерөнхий мэдлэгийн шалгалтаа өгч байна. Төрийн албаны зөвлөлөөс 21 аймагт шинжээчид ажиллуулж байгаа бөгөөд Завхан аймагт Сонгон шалгаруулалтын газрын ахлах шинжээч А.Цэцэгмаа ажиллаж байна. Тэрээр хэлэхдээ: “Завхан аймагт харьцангуй олон иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлж, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь Салбар зөвлөл шалгалт зохион байгуулах бэлтгэл ажлын маш сайн хангасан байна. Бүртгүүлсэн хүн  нэг бүртэй холбогдож мэдээлэл өгснөөс гадна шалгалтын үйл ажиллагааг ард иргэд дэлгэцээр хянах боломжийг бүрдүүлсэн нь сайшаалтай. Бид өчигдөр буюу 11 сарын 15-ны 15:00 цагт шалгалт өгөх иргэдэд ерөнхий шалгалтын талаарх мэдээлэл, зааварчилгааг өгч ажилласан. Одоогоор шалгалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэлээ.

Ерөнхий мэдлэгийн шалгалт нь төрийн бодлого, төрийн захиргаа, төрийн албаны тухай хууль, эрх зүй, Монгол Улсын түүх соёл, нийгэм, эдийн засаг, мэдээллийн технологийн тухай асуултуудаас бүрдэх бөгөөд 35 ба түүнээс дээш оноо авсан иргэд 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол хэл, бичгийн чадварын шалгалт өгнө. Тус шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авсан иргэд 11 дүгээр сарын 21-ний өдөр дүн шинжилгээ хийх чадвар буюу сэтгэхүйн чадамжийн шалгалтыг тус тус өгч нийт 65 ба түүнээс дээш оноо авсан иргэд төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэнэ. Ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн иргэн төрийн жинхэнэ албан тушаалд шууд томилогдох боломжгүй. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу тухайн албан тушаалын /тусгай/ шалгалтаар нөхөх юм.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

2019-11-16 10:50:39