Хөдөөгийн хүүхдүүд тав тухтай, тохилог орчинд сурч хүмүүжих нөхцөл бүрдсээр байна.1969 оноос хойш 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Завхан аймгийн Дөрвөлжин сумын цэцэрлэг улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн шинэ байртай боллоо. Нээлтийн үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулж, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цогзолмаа, Дөрвөлжин сумын ИТХ-ын дарга В.Батмэндлэх, Засаг дарга Ч.Батдөл, “Бэрсүм” ХХК-ийн захирал Н.Гунаажав болон ахмад ажилчид, багш, эцэг эх, хүүхэд багачууд, ард иргэд өргөнөөр оролцов.
Дөрвөлжин сумын цэцэрлэг 2004 оноос 48 метр.квадрат талбайтай аж ахуйн зориулалттай, стандартын бус барилгад 11 жил үйл ажиллагаагаа явуулж байгаад 2015 оноос сургуулийн актлагдсан барилгыг ашиглаж байжээ. Тэгвэл өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн цэцэрлэгийн шинэ барилга 592 метр.квадрат талбайтай, бүлгийн танхимуудаас гадна чийрэгжүүлэлтийн болон хөгжмийн танхимтай, анги бүр дотроо ариун цэврийн өрөөтэйгээр орон нутгийн “Бэрсүм” ХХК хамгийн сүүлийн үеийн стандарт, зураг төслөөр барьсан байна.
Цэцэрлэгийн ахмад ажилтан Ч.Халтархүү хэлэхдээ: “Би 1969 онд анх хоёр гэртэйгээр энэ цэцэрлэгийг байгуулж, 1973 оноос улсын төсөвтэй болж айлын байранд үйл ажиллагаагаа явуулж байсан. 1991 онд тэтгэвэртээ гарсан хэдий ч цэцэрлэгээ зориулалтын байртай болгох асуудлыг дарга нарт олон удаа тавьсны үр дүнд энэ жил сайхан байртай боллоо. Цэцэрлэгээ ийм барилгатай болгохыг 50 жил мөрөөдөж өнөөдөр миний, манай сумын ард иргэдийн мөрөөдөл биелэж байгаад маш их баяртай байна” гэлээ.
Хүүхдүүд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан тохилог орчинд сурч хөгжих боломжийг бүрдүүлснээс гадна цэцэрлэгийг иж бүрэн камержуулсанд эцэг эхчүүд талархлаа илэрхийлж байв. Одоогоор гадна, дотор тохижилтыг хийж эхэлсэн бөгөөд сумын төвийн нэгдсэн халаалтын ажил дуусмагц цэвэр, бохирын шугамыг холбохоор төлөвлөжээ.
Шинэ байртай болсноор Дөрвөлжин сумын сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 80-аас дээш хувьд хүргэх боломж бүрдсэн байна. 2019 онд Завхан аймагт шинээр 23 барилга байгууламж барьж байгаагийн 5 нь цэцэрлэгийн барилга юм. Ийнхүү энэ ондоо багтаж гурван цэцэрлэгийн шинэ барилга бүрэн ашиглалтад орлоо.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ