"ЦӨМ СҮРГИЙН МАНЛАЙ" ТЭМЭЭНИЙ БАЯР БОЛОВ
923 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн санаачилгаар Завхан аймгийн говийн сумдын ИТХ, Засаг даргын Тамгын газар, “Нарантуяа” сан хамтран “Цөм сүргийн манлай” тэмээний баярыг энэ сарын 16-ны өдөр Завханмандал сумын Мандал багийн Харганат хоолойд зохион байгууллаа.

 

УИХ малын генетик нөөцийн тухай хууль баталж, удмын санг бүрдүүлэх хамгаалахтай холбоотой бодлого тодорхой болсон бөгөөд энэ хуулийг хэрэгжүүлж,  Монгол малын генийг хадгалах, авч үлдэх, удмын санг бүрдүүлж баяжуулж байх, түүнчлэн үүлдэр угсааг сайжруулах нь мал аж ахуйн салбарын хөгжилд хамгийн чухал асуудал болж байгаа талаар энэхүү арга хэмжээг санаачилагч УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлж байсан.

 

Тэрээр хэлэхдээ Завхан аймгийн  хэмжээнд тэмээн сүргийн тоо толгой 6600 хүрч, тооны хувьд өссөн ч тэмээн сүрэг ерөнхийдээ давжаарч, ноосны гарц муудаж байгаа учраас Өмнөговь аймгийн Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн омгийн 12 буурыг оролцогч сумдын малчдад  "Нарантуяа" сангийнхны зүгээс бэлэглэж тэмээн сүрэгт цус сэлгэж байгаагаа дуулгасан юм.

 

Ингэснээр нутгийн тэмээг мах сүү, ноосны чанараар улсдаа тэргүүлдэг, баталгаажсан омгийн үүлдэр угсаагаар сайжруулах үржил селекцийн ажил хийгдэх боломжийг бүрдүүлж байгаа нь ихээхэн чухал болохыг энэ үеэр онцлон тэмдэглэж байлаа.

Ургамал сумын Иргэдийн хурлын дарга Алтансүх болон баярт оролцохоор ирсэн иргэд 1972 болон 1982 онуудад л Өмнөговь аймгаас Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн омгийн тэмээг авч ирж үүлдэр угсааг сайжруулж байсныг дурьдаж байв. Харин түүнээс хойш сүүлийн 50 орчим жил тэмээний үүлдэр угсааг сайжруулах аймгийг хамарсан дорвитой ажил хийгдээгүй байна. Монгол үүлдрийн нас гүйцсэн ингэ буурны амьдын жин 450-600 кг, ноосны гарц 5.2-8.1 кг, хоногийн саам 500 грамм орчим байдаг бол Галбын говийн улаан тэмээний амьдын жин 560-660 кг, ноосны гарц 5.6-10.8 кг, хоногийн саам 600-800 грамм байдаг байна. Харин Ханын хэцийн хүрэн тэмээний амьдын жин 540-620 кг, ноосны гарц 5.6-8.8 кг, хоногийн саам 900-1000 кг байдаг аж.

Тэмээн сүргээ шинэ үүлдрээр чанаржуулах энэ арга хэмжээний үеэр таван хошуу малын хаан сүргийн манлай Тэмээгээ уралдуулах, тэмээний ерөөл магтаал хэлэх, ботго авахуулж ингэ хөөслөх уламжлалт зан үйлийг үзүүлэх зэрэг нүүдлийн уламжлалт соёлыг таниулах, үзүүлэх сайхан арга хэмжээ болсноос гадна тэмээ, тэмээчид хоёрынхоо сүр жавхаа уналга эдэлгээний хэрэгслэл, унах, уралдах ур чадварын гайхамшгийг харуулсан урлаг соёлын үзүүлбэрүүдийг ирсэн малчид маань өөрсдөө үзүүлж, хүйтнийг эс тоон маш идэвхитэй оролцож өргөн дэлгэр сайхан баярлацгаалаа.

 

Энэхүү баярт Завхан аймгийн Дөрвөлжин, Алдархаан, Сантмаргац, Ургамал, Эрдэнэхайрхан, Завханмандал сумын нийт 600 гаруй тэмээчид оролцсоноос гадна зэргэлдээ Увс аймгийн Завхан сумын тэмээчид ч ирэв.

Шилдгийн шилдгээр Ургамал сумын баг шалгарсан бол дэд байрт Завханмандал сум тодорч, гуравдугаар байрт Дөрвөлжин сум удаалсан юм. Ингэ хөөслөх, ботго авахуулах зан үйлийн тэмцээний эхний гурван байрт Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Завханмандал сум шалгарсан бол тэмээтэй сайхан хос шалгаруулах тэмцээнд Завханмандал, Ургамал сумд эхний байруудад шалгарлаа.

Харин тэмээний уралдааны эхний байруудад Ургамал, Дөрвөлжин, Завханмандал сумд орсон бол ерөөл магтаал унших уралдааны эхний 1, 2-р байрт Дөрвөлжин, 3-р байрт  Сантмаргац сумд шалгарав. Үзэсгэлэн худалдаанд Ургамал, Завханмандал, Дөрвөлжин сумын малчид амжилттай оролцож тус тус эхний байруудад шалгарчээ. Баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх болсноо санаачилагчид болон зохион байгуулагчид дуулгасан байна.

 

Ийнхүү баярын арга хэмжээ галын наадам, нийтийн бүжиг, Улаанбаатараас зорин очсон нутгийн гавьяатууд, Классик жим хамтлагийнхны ая дуу, яруу найргаар үргэлжилж амжилттай өндөрлөлөө.

2019-11-21 13:49:11