Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ӨРХ БҮРТ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ИРГЭДЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан 10 дугаар сард хөдөөгийн 23 суманд 2017 оны ажлын тайлангаа тавьж, 6000 гаруй иргэдийнхээ санал хүсэлтийг сонссон юм. Тэгвэл 11 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Төв Улиастай хотын 6 багт "Ард иргэдээ сонсох аян"-ыг зохион байгууллаа. Мөн Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар ажлын тайлангаа тавьж, иргэдийнхээ асуултанд хариулт өгч ажиллалаа. Улиастай хотын багуудад зохион байгуулсан энэхүү уулзалтанд 1000 гаруй иргэн оролцсон бол  5000 иргэний санал хүсэлтийг бичгээр авсан юм. Ийнхүү 24 сумын 11.000 гаруй ард иргэдийнхээ санал хүсэлт дээр тулгуурлан Завхан аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг боловсруулаад байна.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар нар хамтран өргөн хүрээнд тайлангаа тавьж, ард түмнээ сонсож байгаад иргэд талархлаа илэрхийлж байлаа. Мөн ажлын байр нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах, ахмад настны эмийн үнийн хөнгөлөлтийг нэмэгдүүлэх, Дөрвөлжин суманд үйл ажиллагаагаа явуулж буй уул уурхайн "Баян-Айраг" эксплорэйшин ХХК-тай аймгийн зүгээс хамтран ажиллах гэрээ байгуулж орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад анхаарч ажиллах, төрийн үйлчилгээний байгууллагууд иргэдэд ажлын тайлангаа тавьдаг байх зэрэг саналуудыг тавьж байсан юм.

Аймгийн Засаг даргын "Ард иргэдээ сонсох аян"-ы хүрээнд төрийн албан хаагчид өрх бүрээр орж иргэддээ урилга, мэдээлэл өгч ажилласан юм. Тэгвэл цаашид төрийн албан хаагч бүр айл өрхүүддээ өөрийн биеэр очиж төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, мэдээ мэдээллийг танилцуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг сонсож,  шийдвэрлэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо. Тухайлбал, Улиастай сумын 1 төрийн албан хаагч 3-5 өрхийг хариуцан авч төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх гүүр болж ажиллах юм. Энэ нь төр иргэддээ хүрч үйлчлэх томоохон алхам болж байгаагаас гадна төрийн албан хаагчид ч олон талын мэдлэг, мэдээлэлтэй болж өөрийгөө хөгжүүлэх давуу талтай. Ард иргэдийн сэтгэлд нийцэж, талархлыг хүлээгээд буй энэ жишгийг хөдөөгийн сумуудад ч нэвтрүүлэн ажиллана гэдгээ аймгийн Засаг дарга хэллээ. Төрийн байгууллага гэдэг бол ард түмэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага болохоос бус ард түмний дарга биш юм. Тиймээс ирэх жилээс эхлэн төрийн байгууллагуудын ажлыг ард иргэдийн үнэлгээгээр дүгнэдэг болно. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг ард иргэдийн үнэлгээ дээр тулгуурлан дүгнэдэг болсноор албан байгууллагын дарга нар иргэдээ сонсож, иргэдтэйгээ ойр байх, ард түмэндээ түргэн шуурхай, хүнд сурталгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх зэрэг олон дэвшил гарна гэж харж байгаа юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

НИЙТЭЛСЭН: 2017-11-27 17:01:35