Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ЭКО ЗАВХАН” АЯНЫ ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Завхан аймаг ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2018 оноос “Миний гоё сум” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, сум бүр өнгө үзэмжээ сайжруулсаар байна. “Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд орчны бохирдол, доройтлыг бууруулах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхээр “Эко Завхан” аяныг нэг жилийн хугацаатай зарлаж хагас, бүтэн жилээр дүгнэлээ. 2018 оны эхний хагас жилд хийсэн ажлаараа шалгарсан шилдэгүүдийн шагналыг Үндэсний их баяр наадмын үеэр гардуулсан бол хоёр дахь хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлаараа тэргүүлсэн шилдэг эко байгууллагуудын шагналыг өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Батсайхан гардууллаа. “Шилдэг эко сум”-аар Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Их-Уул сум шалгарсан бол “Шилдэг эко байгууллага”-аар Ус цаг уур орчны шинжилгээний газар, Политехник коллеж, Улиастай сумын 7-р цэцэрлэг, “Шилдэг эко хэвлэл мэдээллийн байгууллага”-аар Завхан сонин тус тус шалгарлаа.

Аймгийн Засаг дарга энэ үеэр хэлэхдээ: “Эко байна гэдэг бусдын төлөө, ирээдүйнхээ төлөө эх дэлхийдээ хийж буй том хөрөнгө оруулалт юм. “Эко Завхан” аяны шилдгээр шалгарсан байгууллагууд олон үр дүнтэй, шинэлэг ажлыг санаачилан зохион байгуулсан. Тухайлбал, Улиастай сумын 7-р цэцэрлэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийснээс гадна өөрсдийн идэвх зүтгэл, санаачилгаараа хөрөнгө босгож хүүхдүүдийнхээ сайн сайхан орчинд сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлж чадсаны үр дүнд тус цэцэрлэгийн хамран сургалт эрс нэмэгдсэн. Менежер хүний сэтгэлгээнээс олон зүйл хамаардаг. Аймгийн Засаг дарга цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулах шийдвэр гаргаж, 7-р цэцэрлэгийн эрхлэгчээр 2-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Шандыг томилсноор энэ бүтээн байгуулалт, өөрчлөлт, шинэчлэлтийг хийж чадсан учраас эзнээ олсон шагнал юм. Цаашид бусад байгууллагууд аяндаа идэвхтэй оролцож, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Аймгийн Засаг даргын захирамжаар байгууллагууд ногоон байгууламжийн ажилтантай болж, албан байгууллага бүрт нийтийн эзэмшлийн талбай, зам давааг цэвэр цэмцгэр байлгахаар үүрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөөр байгаа юм. Тухайлбал ногоон байгууламжийн олон жилийн арвин туршлагатай Сэлэнгэ аймгийн Шаамар суманд цэцэрлэгжүүлэгч мэргэжлээр суралцуулсан иргэд модны тайралтыг зөв хийснээр өнгөрсөн жил Улиастай хотод анх удаа модны цагаан хөвөнгүй цэвэрхэн зун, намар боллоо. Мөн Улиастай хотын ногоон байгууламж эрс нэмэгдэж зүлэг 50-60 см ургасан бол нийт тарьсан модны 90 хувь нь амьдарсан зэрэг олон сайхан үр дүн гарч байна.

Цаашид албан байгууллагууд хариуцсан замынхаа дагуу мод тарих ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг дарга уриаллаа. “Эко Завхан” аян энэ онд дахин үргэлжилж хагас, бүтэн жилээр шилдгүүдээ тодруулна.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

НИЙТЭЛСЭН: 2019-02-27 15:25:38