Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“УУЛ УУРХАЙ БА ОРОН НУТГИЙН ГЭРЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ

Завхан аймаг “Байгалийн баялгийн засаглалын институти”, “Нээлттэй нийгэм форум”-тай хамтран “Уул уурхай ба орон нутгийн гэрээ:хэлэлцээ, агуулга, хэрэгжилт” сэдэвт хоёр өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтад төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, уул уурхай бүхий сумын удирдлагууд, уул уурхайн компаний төлөөлөл, нөлөөллийн бүсийн малчид, иргэдийн төлөөлөл 60 гаруй хүн оролцлоо. Сургалтын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхамсүрэн нээж үг хэлсэн юм. Тэрээр Завхан аймаг уул уурхайгаас ангид аймаг болох бодлого баримтлан ажилласны үр дүнд 2016 онд аймгийн хэмжээнд ашигт малтмалын 94 тусгай зөвшөөрөл байсныг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 59 тусгай зөвшөөрөл болгон бууруулж, шинээр 96 тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт ирж бүгдэд нь татгалзсан хариу өгсөнийг онцоллоо. Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй “Баян-Айраг эксплорэйшн” ХХК 2013, 2014 онуудад Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумтай гэрээ байгуулсан бол Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолын дагуу гэрээ байгуулах үйл ажиллагаа үргэлжилж буй аж. Харин “Форс голд майнинг“ ХХК 2018 онд дээрх тогтоолын дагуу Ургамал сумтай гэрээ байгуулжээ. 2017 онд 21 тусгай зөвшөөрөл эзэмшигч 846.1 сая төгрөг, 2018 онд 25 тусгай зөвшөөрөл эзэмшигч 734.8 сая төгрөгийн татвар, төлбөр хураамжийг  улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.

Сургалтыг “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гийн мэргэжилтэн Н.Золжаргал, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг нар удирдан явуулж “Олборлох салбар ба орон нутгийн гэрээний тухай ойлголт”, “Уул уурхайн үйл ажиллагаа ба талуудын чиг үүрэг”, “Гэрээ байгуулах үйл явц ба иргэдийн оролцоо”, “Уул уурхай ба орон нутгийн хөгжил”, “Тайлагнал, мониторинг, ил тод байдал” зэрэг сэдвээр илтгэл тавилаа. Мөн сургалтад оролцогчдын дунд гэрээ байгуулах үйл явц, гэрээний үндсэн нөхцөл, агуулгыг боловсруулах, гэрээний хэрэгжилтийг хангах хүрээнд тус тус дүрд тоглох дасгал ажил хийлгэж, тайлбар мэдээлэл өглөө.

Сургалтын төгсгөлд оролцогчид “Сайн” гэрээ байгуулж чадсан эсэх тухай дасгал ажил хийж, Орон нутгийн гэрээ байгуулж хэрэгжүүлэх туршлага, сорилтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.

 

Оролцогчдын хувьд уул уурхайн салбарын тухай нэгдсэн ойлголтой болж, орон нутгийн гэрээг байгуулахад оролцогч талууд хууль эрх зүйн болон бусад хүрээнд хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах, анхаарах асуудлуудын талаар тодорхой мэдээлэл авч, дадлага ажлаар бататгасан үр дүнтэй сургалт болсныг онцоллоо.

Мөн сургалт зохион байгуулсан мэргэжилтнүүд зарим оролцогчидтой тусгай уулзалт хийж, гэрээний талаар эрх зүйн болон практик зөвлөгөө өгч ажиллав.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

НИЙТЭЛСЭН: 2019-10-25 09:58:46