МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИЛГААР ЗАВХАН АЙМГИЙН ХҮҮХДҮҮД ЭХ ОРНЫХОО БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦАХААР ХҮЛГИЙН ЖОЛОО ЗАЛЛАА
2570 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Залуу хойч үеэ эх оронч үзэлтэй, бусдын төлөө сэтгэлтэй, үг даах сэтгэлийн тэнхээтэй, хөдөлмөр эрхлэх бие бялдар, багаар ажиллах чадвартай, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилгоор УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачилгаар Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтыг УИХ-ын дэд даргын ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, дотоодын болон хилийн цэрэг, Завхан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар хамтран өнгөрсөн жилийн 9 дүгээр сард Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулж, Завхан аймгийн ЕБС-ийн ахлах ангийн 1300 гаруй сурагч хамрагдсан билээ.

 

Тус сургалтад оролцсон сурагчдын төлөөлөл 12 дугаар ангийн шилдэг 90 хүүхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар эх орныхоо бүтээн байгуулалттай танилцахаар Өмнөговь аймаг руу хүлгийн жолоо заллаа. Энэ жил Монгол Улсын түүхэнд анх удаа Монгол цэргүүд эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулж Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Таван толгойн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тус бүтээн байгуулалтад гар бие оролцсон цэргүүдтэй уулзалт хийх үйл ажиллагаанд Завхан аймгийн эх оронч сурагчдыг урьсан байна. Хүүхдүүд 3600 гаруй километр аялаж Монгол цэргүүд эх орныхоо бүтээн байгуулалтад хэрхэн оролцсоныг харахаас гадна Хууль сахиулахын их сургуулийн үйл ажиллагаатай танилцах юм.

Эх орныхоо бүтээн байгуулалттай танилцахаар явж буй сурагчдад аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ: “Та бүхэн оюунлаг Завханчуудынхаа, энэ сайхан нутгийнхаа нэр хүнд, хийморь золбоог магнайдаа авч явах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж байна. Монгол цэргүүд эх орныхоо бүтээн байгуулалтад хэрхэн сэтгэл зүрхээ шингээж, гар бие оролцсоныг өөрийн нүдээр харж, ирээдүйн их бүтээн байгуулалтын эзэд нь байх болтугай. Нутгийнхаа нэр хүндийг үргэлж өндөрт өргөж, хийморь сүлд нь босоо явахын ерөөл өргөе” гэлээ.

 

Сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг эмч, цагдаа, нийгмийн ажилтнууд зэрэг 10 хүн хариуцаж, хоёр автобус, 4 жолоочтой Улиастай хотоос хөдөллөө. Хүүхдүүдийг ая тухай, аюулгүй аялуулж, эх  орныхоо бүтээн байгуулалттай танилцах энэхүү үйл ажилллагаанд шаардагдах хөрөнгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар шийдвэрлэжээ.

Дашрамд дуулгахад, энэ жил цэрэг эх оронч хүүхдүүдийн сургалтыг дөрвөн аймаг зохион байгуулсан бөгөөд БСШУС-ын сайдын тушаалаар ирэх хичээлийн жилээс ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт цэрэгжилтийн хичээлийг оруулахаар төлөвлөсөн байна.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

2019-10-30 15:09:10