Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
НӨМРӨГ СУМАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ИЖ БҮРЭН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО, ЭРТ ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭГ ХИЙЛЭЭ

Арваннэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Завхан аймгийн Нөмрөг суманд эрүүл мэндийн үзлэг оношилгоо шинжилгээг цогцоор нь хийлээ.

 

Тодруулбал, тус суманд ЭМЯ болон Глобал сангийн дэмжлэгтэй төслийн мэргэжилтэн Б.Гансүх, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХӨСҮТ-ийн Оношзүйн тасгийн эрхлэгч Ч.Хүрэлбаатар, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Д.Бадмаагаар ахлуулсан эмчийн баг, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар, ЭМГ,  Нийгмийн эрүүл мэндийн төв, Түдэвтэй, Баянтэс, Тосонцэнгэл сумын эмч нарын хамтарсан “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг оношилгоо”-г хоёр өдөр амжилттай зохион байгууллаа.

 

Нийт нийслэл болон орон нутгийн нийлсэн 70 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй, иргэдийн хамрагдалт ихтэй үзлэг оношилгоо болж байна.

 

Үзлэгт 1500 гаруй хүн хамрагдахаас хоёр дахь өдрийн 13.00 цагийн байдлаар том хүн хүүхэд нийлсэн 850 гаруй хүн үзлэгт хамрагдсан байна. Өчигдөр 256 хүүхэд эмчийн үзлэгт хамрагдсан бол өнөөдөр 13.00 цагийн байдлаар 104 хүүхэд эмчид үзүүлж, зөвлөгөө авчээ.

Эрүүл мэндийн үзлэгээр анхан шатны үзлэг болоод рентген аппараар цээжний хөндийн эмгэг илрүүлэх, эхогоор дотор эрхтнүүдийг нэг бүрчлэн үзэх, эмэгтэйчүүдийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, сахар тодорхойлох, нүд чих, хамар хоолойн үзлэг, лабораторийн шинжилгээ, гэмтэл мэс засал, арьс харшил, хүүхдийн үзлэг гэх мэт олон үйлчилгээг нэг дор хийлээ.

 

Тухайлбал, нарийн мэргэжлийн дотрын их эмч, хүүхдийн их эмч, мэдрэлийн их эмч, сэтгэцийн их эмч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч, нүдний их эмч, шүдний их эмч, сүрьеэгийн их эмч, БЗДХ их эмч, дүрс оношилгооны их эмч, ЭХО, гэмтэл согог заслын, лабораторийн их эмч нар тус бүрдээ 2-3 байгаа бөгөөд бүгд иргэдэд хүртээмжтэй байдлаар ачаалал үүсгэхгүйгээр хурдан шуурхай үзлэгээ хийж, зөвлөгөө, аргазүйн мэдээ мэдээллийг өгч байна.

 

Нарийн мэргэжлийн буюу гуравдугаар шатлалын үзлэгийг хийж байгаа болохоор тус сумын иргэд ам сайтай, дээр нь хамрагдалт ихтэй байлаа. Цаг агаар тогтуун цас хургүй энэ өдрүүдэд алслагдсан багийн айл өрхийн иргэдээ ч авчирч үзлэгт хамруулж чадав.

Ийнхүү сумын иргэд нийслэл рүү цаг хугацаа алдаж, санхүү мөнгө үрэх шаардлагагүй болж, сумандаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх боломж нээгдэж байгаад иргэд талархалтай хандаж байна. Суманд гуравдугаар шатлалын үзлэг хийж, аливаа өвчний эрт илрүүлэх, эрт оношилж, урьдчилан сэргийлнэ гэдэг нь эрүүл мэндийн салбарын хувьд том ололт амжилт юм. Нөгөө талаар төр засгийн, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд илүү ойр хүртээмжтэй болж байгааг олзуурхаж байгаа юм.

 

Завхан аймаг энэхүү халдварт болон халдварт бусын үзлэг шинжилгээг 24 сумандаа хэрэгжүүлэх бөгөөд анхных нь ийнхүү Нөмрөг сумаас эхэлж байна.

 

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн, сумын Засаг дарга Н.Түмэндорж, Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Дармааням нар энэхүү үйл ажиллагааг дэмжиж, сайн зохион байгуулж, иргэдээ хамруулах бэлтгэлээ сайн хангажээ. Сумын иргэд ч өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хоёр өдрийн турш уйгагүй дугаарлаж, эмчид үзүүлж идэвхтэй хамрагдав.

НЭМТ-өөс иргэдэд хандсан эрүүл ахуйн чиглэлээр сургалт зохион байгуулав

 

Аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвөөс иргэдэд зориулсан эрүүл мэндийн хэв маягийг төлөвшүүлэх сургалтыг хоёр өдрийн турш 900 гаруй хүнд зохион байгуулав. Сургалтаар усны ариун цэвэр, эрүүл ахуйн талаар мөн хуванцар савны хор хөнөөл ямар байдаг талаар малчдад хандсан сургалт хийв. Мөн түүнчлэн иргэдийн дунд эрүүл гэр бүлийг шалгаруулж “Алтан хонх” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бол иргэд, хүүхдүүдийн дунд эрүүл мэндийн мэдлэгийг нь сорих “АХА” тэмцээнийг ч зохион байгууллаа.

 

Эрүүл мэнд гэдэг энгийнээр хэлвэл айл гэрийн аз жаргал байдаг. Хүн бүр эрүүл өвдөхгүй байвал айл гэр амар амгалан байна. Тиймээс эрүүл мэндийнхээ төлөө идэвхтэй байж эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг зохион байгуулагчдын зүгээс сумын иргэдэд уриаллаа.

 

Дашрамд дуулгахад, өнгөрсөн аравдугаар сарын эхээр Завхан аймагт “Тэмбүү, сүрьеэ өвчний гаралтыг бууруулахад шийдвэр гаргагчдын дэмжлэг” сэдэвт нөлөөллийн уулзалтыг хийсэн. Уг уулзалтад 24 сумын Засаг дарга болон сумын эмнэлгийн эмч нар, мөн аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, Глобал сан, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од тэргүүтэй удирдлагууд оролцож, сумдын эмнэлгийн эмч нар Засаг даргатай хүн амын эрүүл мэндийнх нь талаар санал бодлоо хуваалцаж ярилцаад Нөмрөг сумаас дээрх үзлэгийг эхлүүлэх шийдвэрийг гаргаж өнөөдөр ийнхүү хэрэгжүүллээ. 

 

О.САЙХАНЦЭЦЭГ

НИЙТЭЛСЭН: 2019-11-02 13:19:19