Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТОСОНЦЭНГЭЛ-СОНГИНО ЧИГЛЭЛИЙН 167 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

Завхан аймагт авто замын бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна. Энэ жил Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилтай авто замыг улсын комисс хүлээн авсан бол 2018 оны дөрөвдүгээр сард эхэлсэн Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замыг 2019 оны 11 дүгээр сард улсын комисс хүлээн авч нээлтийн үйл ажиллагааг Нөмрөг суманд зохион байгууллаа. Нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан, ЗТХЯамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэ-Очир, Үндэсний хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Г.Содбаяр, “Лунзиан роуд энд бридж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Луан Чин Жи, “MCPCgr” ХХК-ийн ерөнхий инженер Ш.Тэгшээ нарын албаны хүмүүс, ард иргэд өргөнөөр оролцов.

Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын зураг төслийг “Аварга зам” ХХК, зөвлөх үйлчилгээг “MCPCgr” ХХК тус тус хийж, зам барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол ЛЗ зам гүүр” ХХК ажиллалаа. Нийт 660 сая юанын концессийн гэрээгээр ийнхүү 1.6 жилийн хугацаанд барьж гүйцэтгэсэн тус зам ашиглалтад орсноор Завхан аймгийн хойд чиглэлийн 5 сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, 13 сумын ард иргэд үр шимийг нь хүртэж байна.

Тус авто зам нийт 11 метрийн өргөнтэй, 8 метрийн өргөн асфальтобетон хучилттай, хоёр талдаа тус бүр 0.5 метрийн өргөн бэхэлгээтэй, ус зайлуулах 180 хоолой, гурван гүүртэй гуравдугаар зэрэглэлийн зам юм. Хэвтээ, босоо радиус, үзэгдэх орчин, эргэц, хөндлөн болон дагуу налуу, ус зайлуулах байгууламж, тэмдэг, тэмдэглэгээ зэргийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ.

Мөн Сонгино-Увс чиглэлийн 135 км хатуу хучилттай авто замын 50 км нь Завхан аймгийн нутаг дэвсгэрт орж байгаа юм. Өөрөөр хэлбэл Завханчууд нийт 217 км хатуу хучилттай авто замыг хүлээж авлаа.  Энэхүү бүтээн байгуулалт нь Завхан аймгийн гол замын сүлжээнд стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд Монгол-Хятад-Орос гурван улсын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

Энэ жил Завханчуудын олон жил хүлээсэн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлж 20 орчим км замыг хучаад байна. Ирэх жил бүрэн дуусгаснаар Завхан аймгийн төв Улиастай хот Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно.

 

ЗАМ ДАГАЖ ЗАВХАН САЙХАН НУТАГ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ БОЛТУГАЙ

 

                                                           Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

НИЙТЭЛСЭН: 2019-11-15 11:40:13