Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
БАЯНТЭС СУМЫН ЗАСАГ ДАРГА С.ДОРЖЦЭМБЭ: МАНАЙ СУМ ИРЭХ ЖИЛ НЭГДСЭН ХАЛААЛТАД ХОЛБОГДОНО

Баянтэс сум 2019 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж багагүй ажил хийж байгаа харагдана. Тухайлбал 300 хүний суудалтай шинэ Соёлын төвийн барилгын ажил үргэлжилж байна. Энэ намар налгар сайхан болж байгаатай зэрэгцээд бүтээн байгуулалтынхаа ажлуудыг амжуулж байна уу?

 

Тиймээ, манай суманд энэ жил 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн. Тэр дундаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 300 хүний суудалтай “Соёлын төв”-ийн барилгын ажлыг эхлүүлээд ажлын гүйцэтгэл одоогоор 80 орчим хувьтай, арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах төлөлөгөөтэй ажиллаж байна. Нэг тэрбум 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн хоёр давхар цэцэрлэгийн барилгын ажил эхлээд 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн нэг зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нийтийн биеийн тамирын спортын талбай”-тай боллоо. 0.4-ийн шугамаа нэг зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчиллээ. Сумын камержуулалтын ажлыг 8.5 сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ. Засаг даргын Тамгын газрынхаа Ахуйн үйлчилгээний байрыг өргөтгөхөд таван сая төгрөг зарцууллаа, 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тогоор халдаг, зургаан душтэй “Халуун ус” барих ажлыг эхлүүлнэ.  Энэ мэтээр олон бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.

 

Өнгөрсөн жил эрүүл мэнд, боловсролын салбарын түүхэн ойн хүрээнд багагүй хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн нь үр дүнгээ өгч байгаа байх?

 

2018 онд манай сум хүн эмнэлэг, сургуулийнхаа 80 жилийн ойг амжилттай зохион байгуулж 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн. Сургуулийн их засвараа 200 сая төгрөгөөр хийж, сургуулиа төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Балжиннямын нэрэмжит болгосон. Ингэснээр сургуулийн нэр хүнд өсөж, сурлага хүмүүжлийн ажил дээшилж байна. Эрүүл мэндийн байгууллагынхаа 80 жилийн ойгоор мөн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилгаа засварласан. Хандив тусламжаар 100 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй болсноор манай сумын хүн эмнэлэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаад байна. Мобайл технологийг нэвтрүүлснээр баг дээрээ очоод ЭХО-гоо хардаг, зүрхний бичлэгээ хийдэг болсон. Мөн цусны анализатор аппараттай болсонд иргэд их талархалтай байна.

 

Эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ хангамж ямар байна вэ?

 

Манай суманд нарийн мэргэжлийн гурван эмч ажиллаж байна. Сумандаа нарийн мэргэжлийн эмчилгээ, оношилгоо хийдэг болсон. Хүүхдийн хоёр эмчтэй. Манай хоёр их эмч аймгийн шилдэг эмчээр шалгарсан. Өнгөрсөн жил Завхан аймгийн шилдэг Эрүүл мэндийн төв болсон амжилттай байна.

 

Хилийн заставтаа цэцэрлэг ажиллуулж байгаа гэж сонссон?

 

Манай сум аймгийн хэмжээнд цэцэрлэгийн хамгийн олон бүлэгтэй хоёр дахь сум болж байна. Цэцэрлэгт одоогоор 274 хүүхэд сурч хүмүүжиж байна. Эх орныхоо дархан хилийг манаж буй хилчдэд тулгамддаг чухал асуудлын нэг бол хүүхдүүдийг нь сургуулийн өмнөх боловсролд хамруулах явдал юм. Манай сум таван заставтай. Хилчдын хүүхдүүд, хил орчмын бүс нутгийнхаа иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор хоёр заставт цэцэрлэгийн бүлэг нээсэн. Энэхүү үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Д.Батсайхан, БСУГ-ын дарга С.Ганчимэг нар дэмжин ажиллаж байна. Зайгал багийн Заставын цэцэрлэгийг улсын хэмжээнд жишиг болгон хөгжүүлэхийг зорьж байгаа юм. Мөн НҮБ-аас Хачиг багийн заставын бүлэгт иж бүрэн гэр, тоглоомын хамт өгсөн. Энэ мэтээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид үлдсэн заставуудаа цэцэрлэгийн бүлэгтэй болгохоор төлөвлөж байгаа. Хилийн заставт цэцэрлэг байгуулснаар хилчид амгалан тайван ажлаа хийх, эзэгтэй нар нь ар гэрийн ажлаа амжуулах, хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах нөхцөл бүрдэж байгаа юм. Хил орчмын бүс нутийн малчдын хүүхдүүд хүртэл цэцэрлэгт хамрагдаж байгаа учраас малчин ард түмэн, хилчид их сэтгэл хангалуун байгаа. Энэ мэтээр иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч байна. 

Ажлын байр нэмэгдүүлэх, ард иргэдээ ажилтай орлоготой болгоход хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

 

Миний хувьд сумын Засаг даргаар ажиллаж эхлэхдээ үндсэн гурван зорилтыг тавьсан. Нэгдүгээрт эрхэм баян эрүүл мэнд учраас ард иргэдээ эрүүл чийрэг байлгахад анхаарах, хоёрдугаарт боловсрол мэдлэгийг нь дээшлүүлэх, гуравдугаарт ажилтай орлоготой болгохыг зорин ажиллаж байна. Дээр хэлсэнчлэн эрүүл мэндийн байгууллага иж бүрэн тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдаж зорилт 80-90 хувийн хэрэгжилттэй байна. 2019-2020 оны хичээлийн жилд боловсролын салбартаа түлхүү анхаарч ажиллана. Аймгийн Засаг даргын санаачилсан “Сайн багш” дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийг зорьж байна. Багш нараа чадваржуулах, сурагчдын сурлагын амжилтыг сайжруулахад онцгойлон анхаарна. Гуравдугаар зорилтынхоо хүрээнд юуны түрүүнд их сургуулиа төгсөөд нутгаа зориод ирсэн залуу боловсон хүчнээ ажлын байраар хангахыг зорьж байна. Төгсөж ирсэн залуучуудынхаа судалгааг гарган ажиллаж байгаа. Зөвхөн төрийн байгууллагуудад гэхэд 60 гаруй хүнийг, аж ахуйн нэгжид 20 гаруй хүнийг тус тус ажлын байраар хангасан байна. Мөн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаатай холбоотойгоор 40 гаруй түр ажлын байр бий боллоо. Тун удахгүй нэхий боловсруулах жижиг үйлдвэртэй болсноор ажлын байр нэмэгдэнэ. Дэлхийн зөн ОУБ-ын тусламжтайгаар талх нарийн боов, гутал үйлдвэрлэл, оёдлын гурван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ мэтээр сумын хэмжээнд жижиг үйлдвэрүүд бий болохын хэрээр ажлын байр нэмэгдэнэ.

 

Ирэх жил Баянтэс суманд хийгдэх онцлох бүтээн байгуулалтын ажлын талаар?

 

2020 онд цэцэрлэг, соёлын төв зэрэг томоохон бүтээн байгуулалтууд ашиглалтад орох учраас нэгдсэн халаалтад холбох төлөвлөгөөтэй байна. Нэгдсэн халаалтад холбогдсоноор ард иргэд тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ. Цаашлаад байгалийн баялагаа хамгаалах боломжтой болно. Иймд ирэх жил хийх хамгийн том бүтээн байгуулалт бол нэгдсэн халаалт юм. Мөн сумынхаа төв гудмыг хатуу хучилттай авто замтай болгохыг зорьж байна.

 

Танай сум өвөлдөө их хүйтэрдэг, цас их унадаг сумдын нэг. Налгар сайхан намар болж байна. Зуншлага ямар байв. Энэ өвөл ямар болох төлөвтэй байна?

 

Зун өвс, ногооны гарц сайн байсан, сайхан намар болж байна. Малчид өвс тэжээлээ хангалттай сайн бэлтгэсэн. Жил бүр цас их унадаг, олон ч удаа зудад нэрвэгдэж байсан учраас сургамж авч бэлтгэлээ сайн базаадаг болсон. Сумын хэмжээнд энэ жил 100 тонн өвс, багууд  тус бүр 10 тонн өвс бэлтгэж, 20 тонн хивэг оруулж ирээд байна.

 

НИЙТЭЛСЭН: 2019-11-29 16:52:24