Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТЭС ОМГИЙН АДУУГ ШИНЭ ҮҮЛДРЭЭР БАТАЛЛАА

Монголын эх оронч голын нэг хэмээн нэрлэгддэг Тэсийн голын ай сав нутагт Завхан аймгийн малчид Тэс угшилын адуун сүргээ олон зуун жилээр өсгөн үржүүлж ирсэн билээ. Ойрын түүхээс сөхвөл, Гэрсэнз түүний хүү Убаши хунтайж, Батмөнх даян хаан, Ойрадын Амарсанаа, Даваач, Хотгойдын Чингүнжав нарын дайчин эрчүүдийн хүлэг унаа байжээ. 1971 онд Монгол Улсын гавьяат зоотехникч Л.Лхаасүрэн явуулын судалгаа хийсний үндсэн дээр 1974 онд шилмэл 854 адуугаар Монгол Улсын адууны анхны үржлийн ферм байгуулж, бүрэн бүртгэлжүүлэн манги чанарыг тогтоосон байдаг. Тэс удмын адуунд мэргэжлийн шилэн сонголтыг хийж, монгол адууны ферм байгуулж, түүнээс үржлийн хээлтүүлэгчийг бойжуулснаар бусад аймаг сумын адууны чанарыг сайжруулсан зоотехникч Л.Лхаасүрэнд 1976 онд Шинжлэх ухааны техникийн улсын хорооноос Тэс омгийн адууны патентыг олгожээ. Л.Лхаасүрэн тэргүүтэй мэргэжилтнүүд Тэс омгийн 50 адуу, Баянтэс сумын үржлийн фермийн 50 адууг сонгон авч таван жилийн хугацаанд ашиг шим, бүтээгдэхүүний судалгаа хийж, зарим дүгнэлт гаргасан байдаг. Сүүлийн жилүүдэд Тэс омгийн адууны аж ахуй, биологийн онцлогт эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимтэй явуулж, Тэс адуунд бий болсон удам бүлийг баталгаажуулахаар цусны дээжүүдээс ген буюу геномын ДНХ-г  Олон улсын нийгэмлэгийн лабораторийн стандартын дагуу ялган анализ хийж, бусад дэлхийн ба өөрийн үүлдэрүүдтэй жишин үзэхэд бие даасан /популяци/ үүлдэр болох нь батлагджээ. Иймд ХХААХҮ-ийн сайдын 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн А/444 тоот тушаалаар шинэ үүлдрээр баталж, Тэс адуу нь Олон улсын генийн сан, НҮБ-ын ХХАА-н байгууллага ФАО-д тус тус бүртгэгдсэн байна. Энэхүү үйл ажиллагаанд аймгаас 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв. Үүлдрийн зохион бүтээгчээр Монгол Улсын гавьяат зоотехникч Л.Лхаасүрэн, хөдөө аж ахуйн ухааны доктор Л.Чой-Иш, Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц нарыг баталжээ.

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-02-13 12:18:11