ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМАНД ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАЛАА
3010 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул өнөөдөр /2020 оны 7-р сарын 25/ аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа.

 

Улиастай сумын иргэн 39 настай Д нь 7 хоногийн өмнө тарваганы мах худалдан авч гэр бүлээрээ боодог хийж идсэн байна. Одоогоор халуурсан, булчин, толгой өвдсөн шинж тэмдэгтэй. Дуудлагын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлажээ.

 

Аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

 

  1. Нэгдүгээр хавьтлын 9 хүнийг Цагдаагийн байгууллага гэрийн тусгаарлалт, хяналтад авах
  2. Зоонозын өвчин судлалын төв нэг, хоёрдугаар хавьтлыг тогтоох, шинжилгээ хийх, хяналтад авах ажлыг яаралтай зохион байгуулах
  3. Онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас орох, гарах хяналтын найман цэг дээр нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 7-р сарын 25-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг тус тус гаргалаа.

Шинжилгээг өнөөдөр  /2020 оны 7-р сарын 25/ 15:00 цагт авсан бөгөөд эхний хариу 48 цагийн дараа гарна. Завхан аймгийн 17 сум тарваган тахлын голомттой. Иймд ард иргэд олуулаа нэг дор цуглахгүй байх, тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй байх, хорио цээрийг дэглэмийг сайтар сахихыг уриалж байна.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2020-07-25 22:50:36