Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГТ ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Завхан аймагт төрийн албаны ерөнхий шалгалтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах салбар комисс өнөө өглөө буюу арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 06:30 цагт компьютер, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, ажлын хэсэг дотоод ажил үүргийн хуваарийн дагуу 07:30 цагаас эхлэн 08:00 цаг хүртэл нэгдүгээр ээлжийн иргэдийг хуваарьт хоёр танхимд оруулж шалгалтын үйл ажиллагааг эхлүүллээ. 

 

Иргэдийн шалгалт өгөх танхимын хуваарийг Төрийн албаны төв зөвлөл тусгай програм ашиглан хийсэн байна. Завхан аймагт төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор 496 иргэн бүртгүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд нийт арван ээлжээр орох юм.

Арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн эхний ээлжийн шалгалтыг 08:00 цагт, хоёрдугаар ээлжийн шалгалтыг 10:30 цагт эхлүүлсэн бол гуравдугаар ээлжийн шалгалт 13:00 цагт, дөрөвдүгээр ээлжийн шалгалт 15:30 цагт, тавдугаар ээлжийн шалгалт 18:00 цагт тус тус эхэлнэ. Маргааш  буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр мөн дээрх цагийн хуваарийн дагуу шалгалтыг хоёр танхимд таван ээлжээр зохион байгуулах тул бүртгүүлсэн иргэд цагаасаа хоцрохгүй байхыг хүсье.

 

Төрийн албаны ерөнхий шалгалт нь 60 минут үргэлжлэх Ерөнхий мэдлэгийн шалгалт, 30 минут үргэлжлэх Монгол хэл, бичгийн чадварын шалгалт, 20 минут үргэлжлэх Дүн шинжилгээ хийх чадварын шалгалт-аас тус тус бүрдэнэ.

 

 Ерөнхий мэдлийн шалгалт нь төрийн бодлого, төрийн захиргаа, Төрийн албаны тухай хууль, эрх зүй-20 оноо, Монгол Улсын түүх соёл, нийгэм эдийн засаг -20 оноо, Мэдээллийн технологи-15 оноо, нийт 55 хүртэл оноогоор үнэлэгдэх бөгөөд 35 ба түүнээс дээш оноо авсан иргэд дараагийн шалгалтад орох эрхтэй болно.

 

Монгол хэл, бичгийн чадварын шалгалт нь монгол хэл, крилл бичиг-20 оноо, монгол хэл, үндэсний бичиг-10 оноо, нийт 30 хүртэл оноогоор үнэлэх бөгөөд 20 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шатанд орох эрхтэй.

 

Дүн шинжилгээ хийх чадварын шалгалт нь сэтгэхүйн чадамж буюу логик сэтгэлгээг 15 хүртэл оноогоор үнэлэх бөгөөд 10 ба түүнээс дээш оноо авсан иргэнийг шалгалтад тэнцсэнд тооцно.

 

Ийнхүү шалгалтад оролцогч иргэн нь дээрх бүрэлдэхүүн гурван шалгалт тус бүрийн босго онооны болзлыг хангаж, тэдгээрийн  нийлбэр 65 ба түүнээс дээш оноо авч, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталгаажсанаар Ерөнхий шалгалтад тэнцсэнд тооцогдоно.

Шалгалтын хоёр танхимд хяналтын камер байршуулсан бөгөөд шалгалтын үйл явцыг сонирхсон иргэн үзэх боломжийг бүрдүүлж Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр давхарт хяналтын дэлгэц байрлуулжээ.

 Шалгалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг хуваарийн дагуу ажиллаж байгаагийн зэрэгцээ Цагдаагийн газрын алба хаагчид хэв журам сахиулж, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн ажилтнууд оролцогч иргэдийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн байдалд нь хяналт тавин ажиллаж байна.         

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

НИЙТЭЛСЭН: 2020-11-06 11:30:32