Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ИРГЭДИЙГ НЭВТРҮҮЛЭХГҮЙ

Цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор аймгийн “Шуурхай штаб” Завхан аймгийн нутаг дэвсгэрт үүссэн асуудлаар цаг тухай бүрт нь хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.

 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд  Улсын Онцгой комиссын зөвшөөрснөөс бусад хөдөлгөөнийг бүрэн зогсоож, зөвшөөрөлгүй ирж буй иргэдийн хяналтыг чангатгахад чиглэгдсэн хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал Улаанбаатар хотоос Тосонцэнгэл суманд хивэг, сүү, эм ачиж ирсэн 2 портер, 2 приус автомашиныг түр саатуулж, тусгай шалгалт хийх мэргэжлийн баг ажиллуулахаар боллоо.

 

Шатахуун тээвэрлэж буй нөхцөлд зөвхөн жолоочийг тээврийн хэрэгсэлтэй нь постоор нэвтрүүлж ачааг нь буулгаад буцаахаар шийдвэрлэв.

 

Харин сумдын эм, эмнэлгийн хэрэгслийн захиалгыг аймгийн Эрүүл мэндийн газарт нэгтгэж Шуурхай штабтай уялдуулан тээвэрлэлтийг зохион байгуулж, аймгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр постоор нэвтрүүлэхээр болов. Өөрөөр хэлбэл цаашид хүнс, бусад ачаа тээврийн асуудлаа аймгаас нэгдсэн журмаар зохион байгуулж зөвшөөрөл олгох бөгөөд Аймгийн Онцгой комиссын зөвшөөрөлгүй хүнс, ачаа тээврийн хэрэгслүүдийг Улаанбаатар хотоос гаргахгүй байх тухай албан бичгийг Улсын Онцгой комиссын “Шуурхай штаб”-т  удаа дараа хүргүүлээд байна.

 

Зайлшгүй шаардлагатай нөхцөлүүдэд аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн зөвхөн Цагдаагийн газрын даргын зөвшөөрлөөр постоор нэвтрэх эрх олгоно.

 

Цаашид Завхан аймгийн постууд дээр зөвшөөрөлгүй ирсэн тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхгүй, буцаах арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

НИЙТЭЛСЭН: 2020-11-20 17:39:47