Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

Энэ өдөр /2021-01-08/ Завхан аймгийн Засаг даргын зөвлөлийн анхдугаар хурал болж дараах дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

 

  1. Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн 2020 оны жилийн эцсийн тайланг ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Вансэмбэрүү
  2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны жилийн эцсийн хэрэгжилтийг ХШҮДАХ-ийн мэргэжилтэн А.Мөнхцэцэг
  3. Улсын аварга малчин өрх, улсын тэргүүний тариаланчийн шалгаруулалтын тухай ХОХБТХ-ийн мэргэжилтэн Р.Наранцэцэг
  4. МҮОНРТ-ийн “Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшигчдийн талаар ХОХБТХ-ийн мэргэжилтэн Р.Наранцэцэг нар тус тус мэдээлэл хийлээ.

 

2020 онд Завхан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудад цалин тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, байгууллагын үйл ажиллагаа, нийгмийн халамж, газрын маргаан, тусгай зөвшөөрөлтэй холбоотой нийт 10.851 өргөдөл, санал, гомдол ирснийг 97.9 хувьтай шийдвэрлэсэн байна.

Аймгийн Засаг даргын зүгээс цаашид ард иргэдээс ирж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг бодитой, үр дүнтэй байхад илүү анхаарч, төрийн байгууллага, төрийн албан хаагчидтай холбоотой санал хүсэлтийг тусгай утсаар тогтмол авч ажиллах чиглэл өглөө.

 

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг 2020 оны жилийн эцсийн байдлаар авч үзвэл Монгол Улсын хууль 100 хувь, Ерөнхийлөгчийн зарлиг 100 хувь, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж 90 хувь, Засгийн газрын албан даалгавар 95.1 хувь, Засгийн газрын тогтоол 99 хувь, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 95.3  хувьтай хэрэгжсэн байна.

 

Зөвлөлийн гишүүдийн зүгээс цаашид хэрэгжилт хангалтгүй байгаа тогтоол, шийдвэрийн биелэлтэд анхаарах, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж буй баримт бичгийн боловсруулалтыг сайжруулах, гишүүдийг мэдээллээр хангаж ажиллахыг үүрэг болгов.

Улсын аварга малчин өрхөд Сантмаргаз сумын малчин Н.Гүрдорж, Яруу сумын малчин Б.Бадар, Их-Уул сумын малчин Ц.Мягмарсүрэн, Завханмандал сумын малчин Б.Санж, Дөрвөлжин сумын малчин Н.Балжинням, “Алтан төлийн эзэн”-ий шагналд Цэцэн-Уул сумын малчин П.Санрав, Түдэвтэй сумын малчин М.Дандарбаатар, Нөмрөг сумын малчин Д.Дашдондов, Цагаанхайрхан сумын малчин Ж.Бизъяа, Идэр сумын малчин Д.Мөнхтогтох, Яруу сумын малчин Б.Банзар, Сонгино сумын малчин Ж.Оргодол, Улсын аварга тариаланчид Улиастай сумын тариаланч Д.Цагаанхүү нарыг тус тус уламжилахаар шийдвэрлэв.

 

Зөвлөлийн гишүүдийн зүгээс цаашид шалгуур үзүүлэлтүүдийг аймгийн ИТХ-аар оруулж өөрчлөх, материал ирүүлдэггүй сумдад анхаарч ажиллах хэрэгтэйг хэлж, аварга малчид шалгуур үзүүлэлтүүдийг маш сайн хангасан байхаас гадна нутгийн иргэддээ зуун хувь хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй малчин байх шаардлагатайг онцоллоо.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

НИЙТЭЛСЭН: 2021-01-08 15:50:59