Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛ: ШУДАРГА, ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА

Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын дарга, эрхлэгч нартай уулзаж аймгийн Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийж, тодорхой үүрэг чиглэл өгч ажиллалаа.

 

Завхан аймаг цаашид мал аж ахуй, аялал жуулчлалын салбараа түшиглэн хөгжинө. Иймд хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих “Чинээлэг малчин” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд тодорхой бодлого барьж ажиллана.

 

 Аялал жуулчлалыг түшиглэсэн эдийн засгийг бий болгох ёстой. Хар нуурыг түшиглэсэн аялал жуучлалыг байгаль орчинд ээлтэй байдлаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт амрах, үдлэх цэгүүдийг байгуулахаар тусгасан бөгөөд нутгийн иргэд орлого олох нөхцөлийг нь бүрдүүлж өгөх юм.

 

Улиастай суманд дулааны цахилгаан станцтай болсноор үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломж бүрдэж, инженерийн байгууламж бүхий орон сууцтай болно. Цаашлаад орон сууцны хороолол, хотхонуудыг олноор нь бий болгох нөхцөл бүрдэх юм. 21-р зуун хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг шийдвэрлэснээр томоохон хороолол болгон хөгжүүлэхээр төлөвлөөд байна.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн дэмжлэгтэйгээр Тосонцэнгэл суманд 30 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих ТЭЗҮ, зураг төслийн ажлыг хийсэн бөгөөд 14 сарын дотор бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр инженерийн хийцтэй барилга байгууламж, цахилгааны өөрийн эх үүсвэртэй болохоос гадна үйлдвэрлэл үйлчилгээ хөгжинө. Үүнийгээ дагаад шахмал түлшний үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж байна.

 

Нэгдсэн халаалтад холбогдоогүй цөөн хэдэн сум үлдсэн бөгөөд ирэх жилүүдэд үлдсэн сумдыг төвлөрсөн халаалтад холбоно. Цаашид халаалт чанартай байх, дулааны үнэ өртөг нь тухайн сумандаа тохирсон байхад анхаарч ажиллана гэлээ.

 

Улиастай-УБ чиглэлийн хатуу хучилттай авто зам энэ онд дуусна. Нөмрөг сумыг Арц суурийн боомттой холбох, Говь-Алтай-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто зам, Улиастайг Завхан голын гүүртэй холбох зэрэг бүтээн байгуулалтын ажлуудын ТЭЗҮ-г боловсруулна. Мөн “Нутгийн зам” төслийг хэрэгжүүлж зарим сумыг улсын чанартай авто замтай холбохоор төлөвлөжээ.

 

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхаарч Завхан аймгийн бүх төрлийн мэдээллийг иргэд нэг дороос авах боломжийг бүрдүүлнэ. Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагаанд удирдлагын системийг нэвтрүүлнэ. Цаашлаад төрийн албан хаагчдын мэргэшсэн, тогтвортой байдлыг хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэнэ. Шударга, ёс зүйтэй төрийн алба, төрийн албан хаагчийг төлөвшүүлэхэд хатуу анхаарч ажиллана гэлээ. Мөн төрийн албан хаагчид ажлын байрандаа хөгжих, эрүүл мэнддээ анхаарах боломжийг нь хангах зорилгоор “Аз жаргалтай ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

Иймд албан байгууллагын удирдлагууд аймгийн Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах ёстойг хэллээ.

Мөн энэ үеэр цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн мэдээллийг өгч, УБ хотоос ирсэн иргэдийн гэрийн тусгаарлалтад хяналтад тавихад төрийн албан хаагчид хариуцлагатай ажиллахыг үүрэг болгов.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

НИЙТЭЛСЭН: 2021-01-28 11:57:05