УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД, ЯАМДЫН САЙД, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2270 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдрөөс /2021-05-24/ УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, БШУСЯамны төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар Завхан аймагт ажиллаж байна.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

 

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Завхан аймгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийж, Улсын Их Хурлын гишүүд, яамдын сайд, төрийн нарийн бичгийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч ажиллав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг шинээр батлагдсан болон цаашид өргөн барих хуулиудын талаар мэдээлэл өглөө. Мөн Завхан аймгийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл, гэр хорооллын ногоон байгууламж, 21-р зуун хорооллын дэд бүтцийн асуудал, сургууль цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинэчилэх, Тосонцэнгэл суманд явуулын лаборатори ажиллуулсан зэрэг хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид төлөвлөсөн ажлуудаа танилцуулав.

 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан албан байгууллагын дарга нар хоёр гишүүнийхээ ажиллаж буй байнгын хороотой холбоотой асуудлаар нягт хамтран ажиллаж, төрийн албан хаагчид шуурхай, санаачилгатай ажиллах шаардлагатайг онцлов. Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтуудад шат дараатай хамруулах, 2022 он гэхэд модон жорлонгүй сургууль, цэцэрлэгтэй аймаг болох, бүх сумын эмнэлгийг дотор нойлтой болгох зэргээр боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 

Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Завхан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эрчимжүүлэх, Идэр сумыг төв замтай холбох 12 км хатуу хучилттай авто зам,   Түдэвтэй суманд 7 км хатуу хучилттай  авто зам барих зэрэг бүтээн байгуулалтын ажлуудад анхаарч ажиллана гэлээ. Тэрээр мөн Завханчууд нутгийнхаа хөгжлийн төлөө хүн бүр эв эетэй, санаачилгатай ажиллах хэрэгтэйг онцлов.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: “Завхан аймаг уул уурхайн цөөн лицензтэй, энэ тал дээр ихээхэн анхаарч ажилладаг аймаг. Бид байгалийн баялгаа иргэн бүртээ тэгш, хүртээмжтэй хуваарилах ёстой. Өнөөдөр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын үр шимийг айл өрх бүр хүртэж эхэллээ. Цаашид зөвхөн нэг удаагийн шийдвэрээр бус газрын хэвлийд байгаа баялгаа ард иргэддээ системтэйгээр хүртээдэг, ил тод механизмыг бий болгохыг зорьж, бодлого боловсруулан ажиллаж байна.  Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой шиг өртөг шингээсэн үйлдвэрлэлийг бий болгох ёстой. Хамгийн гол нь борлуулалт дээр иргэдийн хяналтыг маш сайн тавих хуулиудтай болно. Боловсруулах салбарыг түлхүү хөгжүүлснээр дагаад жижиг дунд үйлдвэрлэл ч эрчимтэй хөгжинө” гэлээ.

БШУСЯамны төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар: “Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн нийт 819 нүхэн жорлонг шинэчилж, ариун цэврийн байгууламжтай болох шаардлагатай. Дотуур байруудыг халуун устай болгоно. Цаашид боловсролын багц хуулиудыг шинэчилснээр манай салбарт олон сайхан үр дүн гарна. Төрийн албан хаагчид эрх барьж буй намын бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах ёстой” гэв.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: “Бид байгалийн баялагтаа эзэн болсноор хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн зэрэг уул уурхайн баялгаас хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт нэг их наяд гаруй төгрөгийг зарцуулаад байна. Нийгмийн даатгал, нийгмийн халамжийн багц хуулийн хүрээнд томоохон шинэчлэлтүүдийг хийнэ. Мэргэжлийн боловсролын тухай хуулийг энэ жилдээ батлуулна гээд төлөвлөсөн ажлууд олон бий. Цаашид нийгмийн халамжийг нэн шаардлагатай зорилтот бүлэгт нь хүргэж, хөдөлмөрийн насны иргэдээ халамжаас гаргах бодлого баримтална”  хэмээн онцлов.

 

Улсын Их Хурлын гишүүд, яамдын сайд, төрийн нарийн бичгийн дарга нар 6 сарын 10-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд Завхан аймагт ажиллана.  

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

2021-05-24 12:40:56