Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГЫН ХҮРЭЭНД ХОЛБОГДОХ ЖУРМЫН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсад Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл  2015 оноос эхлэн хэрэгжиж байна. Энэхүү төслийн техник туслалцааны хүрээнд Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”, 2018 оны 22 дугаар тогтоолоор “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал”-ыг тус тус баталсан билээ. Дээрх баримт бичгүүдэд тусгасан үзэл баримтлал, зарчмуудыг хууль, эрх зүйн орчинд тусгах, хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай авч ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор холбогдох журмын төслүүдийг орон нутгийн удирдлага, албан хаагчдаар  хэлэлцүүлэх ажлын хэсэг өнөөдөр Завхан аймагт ажиллаж байгаа юм.

Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, Нийслэлийн ИТХ, Удирдлагын академи, “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл болон Завхан аймгийн ИТХ, ЗДТГ, 24 сумын удирдлага, албан хаагчид танхим болон цахимаар оролцож байна.

 

ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын тухай, төслийн зохицуулагч Г.Нарангуа “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийн хэрэгжилтийн талаар, Удирдлагын академийн Удирдлага, сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Г.Жаргал “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын төсөл”-ийн талаар, Удирдлагын академийн Сургалтын албаны дарга, доктор, дэд профессор Я.Бямбаяр “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах журмын төсөл”, Нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар “ИТХ-ын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журмын төсөл”, Төслийн мэргэжилтэн А.Ганболд “ИТХ-ын Зөвлөлийн ажиллах журмын төсөл”-ийн талаар тус тус танилцуулга, мэдээлэл хийж байна.

Орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүгийн нөөцийн дутагдал, улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг хязгаарлагдмал, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүрэг давхардсан, төрийн үйлчилгээний талаар шийдвэр гаргалт, удирдлага болон санхүүжилт хэт төвлөрсөн тул төвлөрлийг сааруулах асуудлыг ийнхүү улсын болон орон нутгийн түвшинд авч үзэн, холбогдох арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Төвлөрлийг сааруулж, орон нутагт холбогдох эрх мэдэл, удирдлага, санхүүжилтийг шилжүүлснээр нутгийн удирдлагын байгууллагын бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэд болон ИНБ-уудын оролцоо нэмэгдэх, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт боловсронгуй болж, хүний нөөцийн тогтвортой байдал бий болох зэрэг олон давуу талтай.

 

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр мөн бүлгээр ажиллаж, оролцогчдоос гарсан саналуудыг боловсруулан дүгнэх юм.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

НИЙТЭЛСЭН: 2021-09-15 14:27:22