Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ЗАВХАНХАНГАЙ ОРОН НУТГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Эдүгээгээс 15 жилийн өмнө “Дэлхийн Зөн Монгол”  олон улсын байгууллага баруун аймгуудаас анх Завхан аймагт салбараа нээхээр шийдвэрлэж, 2006 оны 2-р сард “Завхан” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг, 10-р сард “Завханхангай” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Тухайн үед тус хөтөлбөрөөс аймгийн хэмжээнд суурь судалгаа хийхэд нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд, тэр дундаа эрүүл мэнд, боловсрол, өрхийн эдийн засаг зэрэг салбарт тулгамдсан асуудлууд байсан бөгөөд хүн ам ихтэй сумдыг сонгон авч орон нутгийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн нь аймгийн хэмжээнд үнэтэй хувь нэмэр, хөрөнгө оруулалт болж чадсан юм.

 

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд олон хүүхэд, өрх гэр бүлийн амьдралд аз жаргал бэлэглэн, амьдралын баталгааг нь сайжруулж, хүмүүсийн амьдралд маш их үнэ цэнийг бий болгосон ололт амжилтаар дүүрэн он жилүүд байлаа.

 

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Завханхангай орон нутгийн хөтөлбөрийн “Хамтдаа хөгжсөн 15 жил” хаалтын үйл ажиллагаа болж үе үеийн ажилчид, орон нутгийн удирдлагууд, хамтрагчид, сайн дурын ажилчид, хүүхдүүд урилгаар оролцлоо.

Энэхүү үйл ажиллагаагаараа дамжуулан хөтөлбөрийн ажилчид, орон нутгийн иргэд, эцэг эхчүүд, сайн дурынхан, төр захиргааны байгууллагууд  хамтдаа нэгдэж, бидний ирээдүй хойч үе болсон хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө хамтран ажиллаж ирсэн бүхий л хамтрагч нартаа талархлаа илэрхийлсэн юм.

 

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал хэлэхдээ: “Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүхий л оюун сэтгэл, ур чадвар, цаг хугацаа, хичээл зүтгэлээ зориулан ажиллаж, үнэтэй хувь нэмрээ оруулсан “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Үйл ажиллагаа, Чанарын захирал Б. Мөнхбаяр, Санхүү хамтын ажиллагааны захирал Ц.Отгонзаяа, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Завхан Нэгдсэн хөтөлбөрийн менежер Ц.Амгалан болон хөтөлбөрийн үе үеийн ажилтнууд та бүхэнд чин сэтгэлээсээ баярласнаа  илэрхийлье.  Хөтөлбөрийн хугацаанд гарсан ололт амжилтыг товч дурьдвал БОЛОВСРОЛЫН САЛБАРТ сонгогдсон 3 сумын 8 сургууль, 4 дотуур байр, 13 цэцэрлэгт сургалтын шаардлагатай тавилга хэрэгсэл, тоглоом зэргээр дэмжин анги танхимыг тохижуулж, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх олон төрлийн сургалт, семинарт хамруулж чадавхжуулан, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж чанартай сурч, боловсрох нөхцөлийг бүрдүүлж өглөө. Тухайн үеийн сургууль завсардалтыг багасгахын тулд албан бус хувилбарт сургалтыг аймгийн Боловсрол соёл, урлагийн газартай хамтран зохион байгуулж, гэр цэцэрлэг, малчдын хүүхдүүдэд зориулсан зуны цэцэрлэг зэргийг ажиллуулснаар сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 2006 оноос өнөөдрийг хүртэл 44%-иар нэмэгдсэн байна. Бидний ирээдүй болсон хүүхэд багачуудыг амьдрах ухааны ур чадвар олгох хөтөлбөрүүдэд тогтвортой хамруулснаар хүүхдүүд өөрийн авьяас чадвараа нээн илрүүлж, өөрийгөө зөв илэрхийлэх, хөгжүүлэх зэрэг олон ур чадваруудад суралцжээ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулан, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлснээр эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлтүүдийг авчирлаа. Аймгийн хэмжээнд орон нутагтай хамтран усны аюулгүй байдлын зөвлөл байгуулан, төлөвлөгөө гаргаж, ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлснээр сонгогдсон сумдын нийт өрхийн 95% нь ундны цэвэр усаар хангагдсан байна. Аймгийн 6 сургуульд орчин үеийн сайжруулсан ариун цэврийн байгууламж, 2 халуун ус, био нойлын асуудал зэргийг шийдсэнээр гэдэсний халдварт өвчний өвчлөлийг бууруулж чадлаа. Өрхийн болон жижиг бизнесийг хөгжүүлэхэд мэргэшүүлэх сургалтуудад хамруулж, тоног төхөөрөмжөөр ханган ажилласны дүнд бизнесийн 50 гаруй бүлэг бий болсон. Мөн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхүүдийг дэмжин ажилласнаар 780 гаруй өрх жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг болсон нь орон нутгийн эдийн засагт үнэтэй хөрөнгө оруулалт боллоо. Малжуулах төслөөр 750 гаруй өрх малтай болж, эдгээр өрх, гэр бүлийн цаана байгаа хүүхдүүд төслийн үр шимийг хүртэх зэргээр сайн үйлсийг дэлгэрүүлэн ажилласан байна. Төсөл хэрэгжих хугацаанд ард иргэдийг хамарсан гамшиг осол, үер, зуд, цар тахал зэргийн үед мөнгө, хоол хүнс, дулаан хувцас, гэр зэрэг нэн тэргүүнд шаардлагатай буцалтгүй тусламжийг зорилтот бүлгийн 8000 гаруй өрхөд хүргэж, давхардсан тоогоор 48.500 хүүхэд төслийн үр шимийг хүртсэн нь багагүй тоо юм.  Энэ мэтээр орон нутгийн удирдлага, иргэдийг чадавхжуулахад оруулсан хөрөнгө оруулалт, хувь нэмрийг тоочоод баршгүй юм. Орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад “Иргэдийн оролцоо, тэдний дуу хоолой”-г нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлууд, хэрэгжүүлсэн онцгой аргачлалуудыг хамтран ажилладаг байгууллагууд сайтар сурч, одоо өөрсдөө хэрэгжүүлдэг боллоо. Чадавхжуулах сургалтууд, үйл ажиллагааны үр дүнд хамтрагчид, ашиг шим хүртэгч орон нутгийн иргэд маш их зүйл сурч, нутагшуулсныг бахархан хэлэхэд таатай байна. Энэ бол тус хөтөлбөрөөс бидэнд үлдээж буй томоохон өв хөрөнгө юм. Харин энэ өв хөрөнгөө цаашид улам сайжруулан, тогтвортой хэрэгжүүлэх хариуцлагатай үүрэг бидний өмнө ирж байна. Манай орон нутгийн удирдлага, иргэд, хүүхдүүд энэ үүргээ сайн биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хөтөлбөрийн үр дүнд орон нутгийн төрийн байгууллагууд эмзэг хүүхэд, эмзэг өрхөө тодорхойлон тэднийг хамгаалдаг, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг, мэргэжлийн байгууллагад холбон зуучилж тусламж үзүүлдэг, төрийн болон бусад үйл ажиллагаа, дэмжлэгт хамруулдаг болсон.  Бид хэрэглэдэг биш үйлдвэрлэдэг орон нутаг болох зорилгод хүрэхэд Завханхангай хөтөлбөрийн оруулсан хувь нэмэр их юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ урт хугацаанд санхүүжүүлсэн Дэлхийн зөн Канад, хэрэгжүүлэгч Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага, Завханхангай хөтөлбөрт нийт ард иргэд, хүүхдүүд, Засаг даргын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Хүүхдийн төлөө, хүмүүсийн сайн сайхан хөгжлийн төлөө хийсэн гэгээн үйлс бүхэнд тань талархаж байна, сайн  үйлс тань дэлгэрэн хөгжих болтугай” гэв.

Энэ үеэр мөн хөтөлбөрийг үр дүнтэйгээр хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүд, арга аргачлалуудын цаашдын тогтвортой байдлыг хангах үүднээс Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Санхүү, хамтын ажиллагааны захирал Ц.Отгонзаяа нар “Тогтвортой байдлын гэрээ”-нд гарын үсэг зуран баталгаажуулснаар орон нутаг өвлөн авч, үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийллээ.

НИЙТЭЛСЭН: 2021-09-20 15:01:49