Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

НҮБ-ын Хүн амын сангийн ажлын хэсэг тав хоногийн хугацаатай  Завхан аймагт ажиллаж байна.

 

Өнөөдөр /2021-09-22/ аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалтай уулзаж мэдээлэл солилцсоноос гадна “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийнхөө хүрээнд охид эмэгтэйчүүдэд цар тахлын үед үзүүлэх тусламж үйлчилгээг тогтвортой хүргэх, Түр хамгаалах байрны үйл ажиллагааг дэмжих зорилгоор Завхан аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Түр хамгаалах байранд ариун цэвэр, эрүүл ахуйн 30 ширхэг багцыг хүлээлгэн өглөө.

НҮБ-ын Хүн амын сан нь нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.  Тус сангийн дэмжлэгтэйгээр 2015 онд Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулсан “Залуучууд хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт хийх, орчин нөхцөлийг нь сайжруулах, цаашид залуучуудад чиглэсэн үйлчилгээг цахимжуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг өгч ажиллах юм.

 

Мөн Тогтвортой хөгжлийн сангийн санхүүжилтээр НҮБ-ын таван байгууллага хамтран  Завхан аймагт “Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байх чадавхийг нэмэгдүүлэх” төслийг 2020 оноос эхлэн хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Гарааны бизнесийг дэмжих төсөл”-ийг Идэр, Отгон, Тэс, Дөрвөлжин, Их-Уул суманд хэрэгжүүлж, өнгөрсөн жил бизнесийн сургалтуудад хамруулсан билээ. Сургалтад хамрагдсан малчдын бүлэг, хоршоодоос энэ жил 14 төслийг шалгаруулж, 138 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангаснаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Ажлын хэсгийнхэн мөн тус төслийн явцтай танилцаж, хяналт үнэлгээ хийнэ.

 

Төслийн хүрээнд малчдад жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдлэг олгох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны малчин эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх  мэдлэгийг нэмэгдүүлэх, харилцааны ур чадвар  зэрэг чиглэлүүдээр сургалт зохион байгуулах юм. Сумдын сургагч багш нарыг энэ оны наймдугаар сард бэлтгэсэн бөгөөд цар тахал буурсан үед зорилтот сумынхаа малчдад сургалтаа хийхээр төлөвлөжээ.

 

Төслийн бас нэгэн чухал зорилго бол малчдын нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх юм. Төсөл  хэрэгжихээс өмнө Завхан аймгийн малчдын нийгмийн даатгалд хамрагдалт 15 хувьтай байсан бол 20 хувьд хүргэх, эрүүл мэндийн даатгалын хамрагдалт 40 хувь байсныг 50 хувь болгон нэмэгдүүлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл малчид зөвхөн мал аж ахуйн салбараасаа хараат байх бус, давхар бизнес эрхэлж орлогоо нэмэгдүүлснээр дөрвөн улирлын туршид тогтмол өрхийн орлоготой болох, цаашлаад нийгмийн даатгалд хамрагдсанаар аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөл бүрдэх юм.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

НИЙТЭЛСЭН: 2021-09-22 14:18:12