Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
МОНГОЛЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЦАХИМ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Завхан аймгийн ахмад настнууддаа баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэх зорилгоор өнөөдөр /2021-10-01/ цахим хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
 

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд 24 сумын Засаг дарга, ахмадын салбар хорооны  дарга нар,  сум, орон нутгийн ахмадын төлөөлөл, манлай ахмадууд, Улиастай сумын 6 багийн ахмадын зөвлөлийн дарга нар оролцлоо.
 

Хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нээж үг хэллээ. Тэрээр: “Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, өнөөгийн амар тайван амьдрал, Монгол сайхан орон, нутаг усныхаа хөгжил цэцэглэлтийг авчирсан үе үеийн буянт буурлууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэнд хүргэж, энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Завхан аймаг 73231 хүн амтай, үүнээс 55-аас дээш насны 7548 буюу 10.3 хувийг ахмад настан эзэлж байна. Завхан аймгийн үе үеийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлсээр ирсэн бөгөөд 2021-2025 онд аймаг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хөдөлмөр эрхлэлтийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ахмадуудыг бодлогоор дэмжин хамтарч ажиллахаар төлөвлөж 2021 онд 7 ахмад настны төсөл хөтөлбөрийг дэмжин 21 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 

Улс орон даяар тархаад байгаа цар тахлын үед аймгийн эрүүл мэндийн салбарын шилдэг 20 гаруй ахмад эмч, мэргэжилтнүүд тандалт үнэлгээний багтай гурвалсан гэрээгээр Улиастай суманд хамтран ажиллах болсон нь залуучууддаа үлгэр дууриал болж, эрүүл мэндийн салбарынхан, ард иргэдэд цагаа олсон үнэтэй тусламж болох нь дамжиггүй юм. “Настанд ээлтэй сум, өрхийн эрүүл мэндийн төв”-ийг шалгаруулах аяны үр дүнг 2021 оны 11 дүгээр сард дүгнэж иргэдэд мэдээлнэ.

 

Цаашид бид та бүхнийхээ бүтээн бий болгож, бидэнд хүлээлгэн өгсөн эх орон, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ололт амжилт бүхнийг нэр төртэй үргэлжлүүлж, улам сайжруулж, сайн сайхан болгохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно” гэлээ.

Ахмадын баярыг тохиолдуулан аймгийн Засаг дарга 24 сумын хамгийн өндөр настай нэг иргэн, Улиастай сумын ахмадын төлөөлөлд гарын бэлэг гардууллаа.  

Аймгийн ахмадын хорооноос жил бүр манлай ахмадуудаа шалгаруулдаг уламжлалтай. 2021 оны “Манлай ахмад”-аар Тэс сумын Ахмадын хорооны дарга Лхамжавын Баасанжав, Сонгино сумын Ахмадын хорооны дарга Жигмэдийн Сүхбаатар, Улиастай сумын Жинст баг ахмадын зөвлөлийн дарга Данаажавын Цэвэлмаа, Цагаанчулуут сумын Ахмадын хорооны дарга Төмөрийн Эрдэнэтуяа, Нөмрөг сумын Ахмадын хорооны дарга Дарамрагчаагийн Оюунчимэг нар шалгарлаа. 

 

НИЙТЭЛСЭН: 2021-10-01 19:28:11