Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР “БАГШ-ХҮҮХЭД-ОРЧИН” ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Багш  нарынхаа чадварыг сайжруулж, хүүхдийн хөгжлийг дэмжих, сурч боловсрох, ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэг боловсролын салбарын цогц шинэчлэл нэн чухал. Өөрөөр хэлбэл цаасан дээр хөтөлбөр баталж, тайлан гаргахаас илүү “эзэнтэй”, бодит ажлуудыг хийж, хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатай. Иймд  аймгийн Засаг даргын санаачилсан “Чадварлаг багш”, “Үдийн хоол”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр”, “Үндэсний бахархал, монгол өв соёл”, “Хөдөлгөөн эрүүл мэнд” зэрэг арга хэмжээний хүрээнд албан хаагчдынхаа санал хүсэлтийг сонсож, цаашид энэ салбарт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Багш-хүүхэд-орчин” зөвлөгөөн, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал хэлэхдээ: “Боловсролын салбарын хоцрогдлыг арилгахын тулд цар тахалтай зэрэгцэн ажиллаж амьдрах шаардлага зүй ёсоор тулгарч байна. “Чадварлаг багш” хөтөлбөрийн эзэн нь багш, сургууль, хүүхэд гурав байж, бодит үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд  энэхүү хоёр өдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Хэдийгээр цар тахлын хүндхэн нөхцөлд байсан ч өнгөрсөн хугацаанд дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд багагүй ажлыг хийлээ. Тухайлбал, суралцагч нэг бүрийг хөгжүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноог нэмэгдүүлэхийн тулд багш нараа чадваржуулах орчныг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд Улиастай сумын Ерөнхий боловсролын таван сургууль, Тосонцэнгэл сумын нэг, хоёрдугаар сургууль, Их-Уул сумын сургууль дээр “Багш хөгжлийн төв”-ийг байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа. Цаашид ЭЕШ-д 800 оноо авсан багш, сурагчдыг үргэлжлүүлэн урамшуулахаас гадна нийт суралцагчдынх нь амжилтыг үндэслэн урамшуулал олгоно. Тиймээс багш нар хүүхэд бүртэйгээ тулж ажиллах шаардлагатай.

 

Шинэ залуу багш нарт “Зөвлөх баг”-ийн үйлчилгээ үзүүлэх, сурагч нэг бүрийг зайнаас суралцахад нь дэмжлэг үзүүлэх, эцэг эх, багшийн хамтын ажиллагааг сайжруулах, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр төлөвлөсөн ажлууд олон бий.

 

Сургууль, цэцэрлэгүүд олон хүүхдийн хоол бэлтгэхдээ чанар, эрүүл ахуйн шаардлагыг маш сайн хангасан байх шаардлагатай. Иймд гал тогооны тоног төхөөрөмжүүдийг шат дараатай шинэчилнэ. “Хүүхдэд ээлтэй дотуур байр” хөтөлбөрийн хүрээнд дотуур байруудыг гэрийн орчин нөхцөлд ойртуулж “Хүүхэд хөгжлийн танхим” байгуулна. “Хөдөлгөөн эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд зарим сумдад мэргэшсэн арга зүйчдийг  ажиллуулахаар төлөвлөж байна.

 

Зөвлөгөөнд оролцогчид та бүхэн энэ салбарыг шинэ түвшинд гаргах, цаашлаад орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үнэтэй  саналууд хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Хэлэлцүүлгээс гарсан санал, хүсэлтийг цаашид хэрэгжүүлж ажиллахад онцгойлон анхаарна” гэлээ.

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг дарга БСУГ-ын ахмад мэргэжилтэн Б.Лхамрагчаа, Монгол Улсын Гавьяат багш С.Цэрэндулам нарт хүндэтгэл үзүүлэв.

Мөн салбартаа үр бүтээлтэй ажиллаж буй 13 албан хаагч “Аймгийн жуух бичиг”- ээр, 25 албан хаагч “Аймгийн хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнууллаа.

Энэ үеэр  НҮБ-ын Хүүхдийн сангаас 24 сумын цэцэрлэгт тоглоомын багц гардуулав.

Зөвлөгөөнийг хөтөлбөр тус бүр дээр хэлэлцүүлэг өрнүүлэх замаар үр дүнтэй зохион байгуулж оролцогчид цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал хүсэлтээ илэрхийллээ.

“Багш-хүүхэд-орчин” зөвлөгөөн маргааш /2021-11-23/ мөн үргэлжилнэ.

 

Энэхүү үйл ажиллагаанд дархлаажуулалтын гуравдугаар тунгаа хийлгэсэн, түргэвчилсэн шинжилгээ өгсөн багш, ажилчид оролцож байна. 

 

НИЙТЭЛСЭН: 2021-11-22 17:05:42