Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Азийн хөгжлийн банк 21 аймгийн төлөөлөлтэй цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцлээ

Монгол Улс, Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны хамтын ажиллагааны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй орон нутгийн түвшний цуврал хэлэлцүүлэг баруун бүсийн аймгуудаар өндөрлөлөө. Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн Засаг дарга нар дунд хугацааны хөгжлийн бодлого болон хөдөө аж ахуй, хувийн хэвшлийн хөгжил, хил орчмын худалдаа, аялал жуулчлалын салбарт түшиглэн КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийг сэргээх төлөвлөгөөгөө хуваалцлаа.

“АХБ мал аж ахуйн салбарын тогтвортой менежментийг дэмжих, бэлчээрийн доройтлыг бууруулах замаар нүүрстөрөгчийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөгжлийг ногоон эдийн засгийн төрөлжилттэй уялдуулан дэмжих чиглэлээр Засгийн газар болон бусад хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллаж байна. Энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь эхний ээлжинд Монгол Улсын баруун аймгуудад хэрэгжиж эхлэх бөгөөд аймаг, сумын төвүүд нь ногоон агробизнесийн төв болохуйц бүтээн байгуулалтын загварыг хөгжүүлж, улсын хэмжээнд дэлгэрүүлэх боломжтой болох юм” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий хэллээ.

Сүүлийн жилүүдэд зам тээврийн салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж байгаа нь баруун бүсийн аймгуудыг дотоодын болон олон улсын зах зээлээс алслагдмал байдлаа даван туулахад нь түлхэц болж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсыг холбосон баруун бүсийн авто замын коридор нь Ховд, Баян-Өлгий аймгуудыг дайран 750 км орчим үргэлжилэх бөгөөд АХБ-ны санхүүжилтээр энэхүү коридорын 420 км замыг барьж байна. Мөн Засгийн газар баруун бүсийн бүх аймгуудыг Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай зам тавьсан юм.

Арга хэмжээний эхний хэсэгт АХБ-ны санхүүжилтээр боловсрол, эрчим хүч, эрүүл мэнд, тээврийн салбарт болон жендерийн тэгш байдал, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Үүний дараа төсөл хэрэгжүүлэгч яамдын төлөөлөл эдгээр төслүүдийн үр дүн болон сургамжийн талаар санал дүгнэлтээ танилцуулж, амжилттай хэрэгжсэн төслүүдийг бусад бүс нутаг болон аймгуудад хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Арга хэмжээний хоёрдугаар хэсэгт аймаг орон нутгийн удирдлага болон Засгийн газрын төлөөлөл бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих худалдаа, хөрөнгө оруулалтын боломж, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар ярилцав. Мөнх цаст оргил бүхий Алтай нурууг дагасан баруун бүс рүү бизнес эрхлэгчид, мэргэжлийн боловсон хүчнийг татахын тулд бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, орон сууц, хотын дэд бүтцэд хөрөнгө оруулах нь чухал болохыг аймгийн Засаг дарга нар онцоллоо.

Монгол Улстай түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд АХБ-наас бүтэн жилийн турш зохион байгуулсан бүсийн цуврал хэлэлцүүлэгт Монгол Улсын 21 аймаг хамрагдлаа. Эдгээр хэлэлцүүлгийн үеэр аймгийн Засаг дарга нар дэд бүтэц, тээвэр холбооны салбарт хөрөнгө оруулалт хийх, уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуйн бизнесийн өртгийн сүлжээг санхүүжүүлэх, нийгмийн үйлчилгээгээр дамжуулан хот, хөдөөгийн хөгжлийн тэгш бус байдлыг арилгах нь Монгол Улсын хөдөөгийн хөгжлийг дэмжих гол түлхүүр болохыг онцолсон юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

НИЙТЭЛСЭН: 2021-12-09 18:39:17