Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ЖАНГАР” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ ҮЗЭГЧДЭД ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

Завхан аймаг “Үндэсний бахархал-Монгол өв соёл” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн театруудаас Монгол Улсын төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон анх удаа “багт” хүүхдийн жүжгийг туурвилаа. Монголын сонгодог уран зохиолын гурван оргилын нэг “Жангар” туулиас сэдэвлэсэн “Жангар” хүүхдийн жүжгийн бүтээлийг 2020 оны нэгдүгээр сараас эхэлж, ийнхүү 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.

 

Монголчууд эрт дээр үеэс монгол ухаан, баатарлаг туульсаараа дамжуулан ирээдүй хойч үеэ сурган хүмүүжүүлж ирсэн үнэт уламжлалтай. Жангар туулийн үндсэн мөн чанар болох үнэнч шударга, эв нэгдэлтэй, эрдэм номтой, энэрэх хайрлах сэтгэлтэй байх ёстой гэсэн гол агуулгыг жүжгийн зохиолоор дамжуулан хүүхэд багачуудад хүргэхийг зорьжээ.


Эртний уламжлалт багт театрын хэлбэрийг орчин үеийн нөхцөлт тайзны хэлбэрт шилжүүлж, “Бумбын орон”, “Мангасуудын орон”-ыг маш сонирхолтойгоор дүрслэн үзүүлжээ.

 

“Жангар” хүүхдийн жүжгийн продюсерээр Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонго, Ерөнхий найруулагчаар ОХУ-ын Театр урлагийн их сургуулийн төгсөгч, Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагч Э.Ёндоншарав, зураачаар МУСТА С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор МУСТА Б.Мөнхжаргал, Ё.Эрдэнэбаатар нар ажиллаж, тус театрын нийт бүрэлдэхүүн 50 гаруй уран бүтээлч гол болон туслах дүрийг бүтээсэн байна.

НИЙТЭЛСЭН: 2022-01-05 18:04:36