Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЭМГЭНЭЛ

 

Бэгзийн Довчин

/1947-2022/

 

Нөмрөг сумын Засаг дарга асан Бэгзийн Довчин нь  2022 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

 

Б.Довчин нь 1947 онд Завхан аймгийн Нөмрөг сумын  “Ил цагдуулт” хэмээх газарт малчин ард  Бэгзийн 2 дугаар хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, 1962 онд ерөнхий боловсролын сургуулийг төгсөн, улмаар Улаанбаатар хотод Санхүү эдийн засгийн техникумд суралцсан. 1965 онд нэг жилийн дадлагын ажлаар Нөмрөг сумын тооцооны кассад  эрхлэгчээр томилогдон банкны тооцооны кассад 1970 он хүртэл ажилласан.

 

Тэрбээр 1965-1970 он хүртэл Нөмрөг сумын тооцооны төвд кассын эрхлэгчээр, 1970-1976 онд Завхан аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны санхүүгийн хэлтэст байцаагч, зааварлагч, нягтлан бодогч,  1976-1978 онд аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргаанд Ерөнхий хэлтсийн дарга, 1982-1985 онд аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргаанд боловсон хүчин, Шуурхай хяналтын зохион байгуулагч, 1985-1990 онд Эрдэнэхайрхан сумын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга, “Алдар” нэгдлийн дарга, 1990-1996 онуудад Нөмрөг сумын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга, Сумын Засаг дарга, 1997 оноос “Алтан төл” ХХК-д Ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байгаад 2007 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан.

 

Б. Довчин нь  төр захиргааны байгууллага болон хувийн хэвшилд нийт 42 жил ажилласан. Төрийн  байгууллагад ажиллаж  байх хугацаанд төр засгаас олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр бүтээлийг нь  өндрөөр үнэлэн, байгууллагын Хөдөлмөрийн аварга, Баярын бичиг,  Диплом, Санхүү эдийн  засгийн Тэргүүний ажилтан цол тэмдэг, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, YIII таван жилийн гавшгайч, МАН-ын Тэргүүний ажилтан цол тэмдэг, МАН-ын Ахмад зүтгэлтэн цол тэмдэг, Тусгаар тогтнолын одон, МАН-ын 90,100 жилийн ойн медаль, МАН-ын Хүндэт жуух бичиг, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан.

 

           Эрдэнэхайрхан суманд ажиллаж байх хугацаанд нь тус сум анх удаа 100 мянган малтай болж БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс Монгол Улсын хэмжээнд нийт сумдад зарласан Төрийн захиргааны ажлаар сумдыг шалгаруулах 3 жилийн болзолт уралдаанд 3-р байрт шалгарч Засгийн газрын “ Хүндэт жуух”, мөнгөн шагналаар шагнагдаж байсан.

 

Улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ тодотгосон, ард түмнийхээ хүндлэлийн хойморт заларсан гарамгай удирдагч таны хөдөлмөрч, хичээнгүй, зарчимч, шударга, хүнлэг зан чанар, эгэл даруу, элэгсэг дотно дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛ

 

НИЙТЭЛСЭН: 2022-01-29 20:16:12