Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан болж, хурлыг аймгийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга А. Болормаа удирдан явууллаа.

 

Хуралд холбогдох хэлтэс, агентлагийн дарга, бодлого хариуцсан мэргэжилтнүүд, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн тэргүүн зэрэг 19 хүн 100 хувийн ирцтэйгээр оролцлоо.  

 

Хурлаар 2021 онд аймгийн салбар зөвлөлийн хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан, мэдээлэл, зарцуулсан төсөв, цаашид анхаарах зүйлс, 2022 оны төлөвлөгөөнд тусгах санал зэргийг хэлэлцлээ.

 

Аймгийн хэмжээнд 2021 онд 3509 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүнээс: эмэгтэй 1563, хөдөлмөр эрхэлдэг 330, төрөлхийн 1580, олдмол 1929 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 170 хүүхэд байна. 2021 онд аймгийн хэмжээнд орон нутгийн төсвөөс 43.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Үүнд: Улиастай сумын 2 дугаар цэцэрлэгийг түшиглэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 1 анги нээхэд 30 сая төгрөг, аймгийн хэмжээнд 8 хүүхдийн асран хамгаалагч нарт нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход 2.4 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнд 4.2 сая төгрөг, аймгийн хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хэмжээнд 1 сая 50 мянган төгрөг, “”Би гүймээр байна” хандивын аянд Аймгийн Засаг даргын азхирамжаар 2 сая төгрөг, Тусгай олимпийн хүрээнд уралдаан тэмцээнд оролцох унаа, байрны зардал зэрэгт 3 сая 750 мянган төгрөг тус тус зарцуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйл ажиллагаа явуулах байрны асуудлыг шийдвэрлэлээ. Харин улсын төсвөөс 182.456.2 сая төгрөг зарцуулсан байна.

 

Мөн ehalamj.mn цахимаар иргэд өөрсдөө тусламж үйлчилгээ авдаг болсон зэрэг олон дэвшилттэй ажлуудыг улс, аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн байна.

 

Хэдийгээр салбар дундын хамтын ажиллагаагаар олон ажлыг хэрэгжүүлсэн ч цаашид анхаарч ажиллаж, шат дараатайгаар шийдвэрлэх асуудлууд байгааг салбар комиссийн гишүүд хэлэлцлээ.

Үүнд:

  1. Шийдвэр гаргагчид, иргэд болон хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөх сургалт, мэдээллээр хангах. Мөн харааны бэрхшээлээс урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах;
  2. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, нэгдсэн тоон судалгаатай болох, статистикийн мэдээ мэдээллээр хангагдаж, бодлого шийдвэрт тогтмол ашиглан ажиллах;
  3. Төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн бололцоонд тулгуурлаж хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулах, ажлын орчин нөхцөлийг судалж, ажиллах нөхцөл боломжоор хангах. Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд аймгийн хэмжээнд нээлттэй ажлын байр зарлаж, ажлаар хангах;
  4. Байгууллага бүр үүдний налуу шатаас эхлээд дотор шар зам, бариул хийлгэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний ариун цэврийн өрөөний асуудал, урлаг, спортын арга хэмжээг дэмжих;
  5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж тэрбум мод тарих, арчлахад гэрээгээр ажиллуулах, чацаргана, сармис тариалах төсөл хөтөлбөрт хамруулах;
  6. ХБИ-дэд чиглэсэн төсөв санхүүг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрт хамрагдах;
  7. ХБИ-ийг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд заавар зөвлөмж өгөх, түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, зарж борлуулдаг цэгтэй болгох, төсөл хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар ойлголт мэдээлэл өгөх, төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг аймгийн хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр хүртээмжтэй мэдээлэх;
  8.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төвтэй болгож үйл ажиллагаа явуулах байраар хангах;
  9. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд, хамт олонд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, сайн ажилласан байгууллага, хувь хүмүүсийг сурталчилж, олон нийтэд мэдээллийг хүргэх;
  10. Аймгийн Засаг даргатай сумын Засаг дарга нарын 2022 онд хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд тусгах;
  11.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квот асуудал зэрэг шийдвэрлэж, хэрэгжүүлэх олон асуудал байгааг хэлэлцээд, 2022 оны  төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг ханган ажиллахаар болов.

Хуралдааны дохионы хэлмэрчээр Л.Санжидсүрэн ажилласан бөгөөд цаашид аймгаас хэрэгжүүлж буй ажлын мэдээ, мэдээлэл, үйл ажиллагааг дохионы хэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх тэгш боломж олгох юм.

 

НИЙТЭЛСЭН: 2022-02-10 18:56:03