Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Завхан аймагт Баянхонгор, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн удирдлага болон холбогдох 30 мэргэжилтэн оролцсон бүсчилсэн сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтыг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны холбогдох тасгийн дарга Ц.Сэлэнгэ, Сувдмаа, Б.Соёлмаа, Р.Амгалан нар сургагч багшаар ажиллаж зохион байгууллаа.
Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалтын чиглэлээр баримталж буй бодлого, өвчний эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ, тохиолдлын удирдлагын тогтолцоо, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар, гэдэсний халдвар, хоол хүнсээр дамжих өвчин, амьсгалын замын халдварт өвчин, зоонозын халдварт өвчнүүдийн тандалт болон хам шинжийн тандалтын талаар шинэ ойлголт, мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт болсон байна.
Оролцогчид орон нутагт тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлон цаашид авах арга хэмжээг ярилцаж, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, тархвар судлаачийн тоог нэмэгдүүлэх, бодлогоор дэмжих, анхан шатны байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх, халдварт өвчний мэдээллийн ажилтанг аймгийн Эрүүл мэндийн газарт орон тоогоор ажиллуулах гэсэн асуудлуудыг дэвшүүлэн тавьсныг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөр дамжуулан Эрүүл мэндийн яаманд уламжлахаар боллоо.
НИЙТЭЛСЭН: 2022-11-04 10:21:34