Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 50.0 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХИЙХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэн, иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго бүхий "Чадварлаг эмч" арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Улиастай, Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулиудын сонгогдсон бүлгийн хүүхдүүдийг зүрх судас, чих хамар хоолой, шүдний эмчийн үзлэгт хамруулах үйл ажиллагаанд 25,0 сая, эх хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж эх, нярайн тусламж үйлчилгээг чанартай хүргэхэд зориулан аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн дулаан хангамжийг сайжруулахад 15.0 сая, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хөнгөвчлөх эмчилгээний тасагт хавдрын үеийн химийн эмчилгээний өрөөг тохижуулахад 5.0 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн "Дотор"-ын тасгаас "Чанарын аян"-ы хүрээнд Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиудын 9 дүгээр ангийг түүвэрлэн сонгож, 136 суралцагчдад зүрх судас, шүд, чих хамар хоолойн эмчийн үзлэгийг хийхэд 68 хувь нь шүд, амны хөндийн үрэвсэлтэй, 2 хувь нь гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй, 31 хувь нь зүрхний хавхлагийн эмгэгтэй байсан бөгөөд 3 хүүхэд төрөлхийн зүрхний гажигтай оношлогдсон байна.
Иймд энэхүү үзлэг, оношилгоог Улиастай, Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль болон Монгол улсын Консерваторийн харьяа Хөгжим бүжгийн коллежийн 9,10 дугаар ангийн 728 суралцагчдыг хамруулан 2022 оны 11 дүгээр сарын 16-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж, үзлэгийг Улиастай сумын лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулиас эхлүүлээд байна.
Үзлэгийн үр дүнд зорилтот бүлгийн хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдох эмгэгийг илрүүлж, эмчилснээр эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой бөгөөд энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газраас эрүүл зан үйл, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх чиглэлээр мэдээлэл өгч, сурталчилгааны материалаар хангаж ажиллана.
 
 

 

НИЙТЭЛСЭН: 2022-11-19 15:24:21