Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ХОРТ ЗУРШЛЫН ЭСРЭГ НЭГДЭЦГЭЭЕ” АЯН ӨНДӨРЛӨВ

Хорт зуршлын хэрэглээний бие хүн, гэр бүл, нийгэмд үзүүлэх хор уршиг, хорт нөлөөг сурталчлах, хорт зуршлаас хүүхэд, өсвөр үеийхнийг  урьдчилан сэргийлэх, хүүхэд хүүхэддээ, хүүхэд гэр бүлдээ нөлөөлөх нөлөөллийн ач холбогдлыг нэмэгдүүлж архи, тамхины хэрэглээний эсрэг   хамтдаа тэмцэх зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Эрүүл мэндийн газар, “Дэлхийн зөн-Баянхонгор1 ОНХХ” хамтран “ХОРТ ЗУРШЛЫН ЭСРЭГ НЭГДЭЦГЭЭЕ” аяныг 2015 оны 1 дүгээр сарын 11-нээс 1 дүгээр сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.

Тус аяны удирдамжийн дагуу аймгийн төвийн 5 ахлах сургууль, “Өлзийт сумын “Сайн-Оюут” ахлах сургууль, Эрдэнэцогт сумын “Цогц-Эрдэм” ахлах сургуулиудын ахлах ангийн болон “Эрүүл мэндийн клуб”-ын идэвхтэн сурагчид  оролцож  сургууль бүр дээрээ төрөл бүрийн нөлөөллийн  арга хэмжээ, сургалт, сурталчилгаа, аавуудын “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээн, илтгэлийн болон  “Дэвжээ” тэмцээн зохион байгуулж, нийт 2426 сурагчдыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрууллаа.

 

 

Сурагчдын илтгэлийн уралдаанаас архи, тамхины хамааралтай гэр бүлд өсч буй сурагчдад сэтгэл зүйн зөвөлгөө өгөх сэтгэл зүйчтэй болох, эцэг эхчүүдийн хүүхдүүддээ тавих анхаарлыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, биологийн хичээлүүдээр архи, тамхины хор уршгийн талаарх хичээлийг сард нэг удаа заах, сургуулийн багш, ажилчид өөрсдөө үлгэр дуурайлал болж тамхинаас гарах зэрэг архи тамхинаас урьдчилан сэргийлэх саналуудыг гаргасан юм.    

 

Дэвжээ” тэмцээнээр сурагчид гэр бүл салалт, хүчирхийлэл, үе тэнгийнхний  дарамт, осол гэмтэл, гэмт хэрэг, эрүүл мэнд зэрэг өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлууд архи, тамхины хэрэглээнээс үүдэлтэй бөгөөд энэ бүхний үр дүнд хүүхдүүд л хохирч үлдэж байна гэдгийг дүрийн тоглолтоор тод томруун гаргаж үзэгчдийн сэтгэлийг хөндөж чадсан бөгөөд  эрүүл, тайван амьдрахын тулд хүн бүхний оролцоо, хичээл зүтгэл чухал гэдгийг уриалж чадсан юм.

  

Нөлөөллийн үйл ажиллагаагаар сурагчид гэр бүл, ойр дотны хүмүүс, хөрш айлын хүмүүстээ мэдээлэл өгч, “Хүүхдээс хүүхдэд”  аргачлалаар сургалт хийж, хүүхдүүдээр сэтгэгдэл болон шийдвэр гаргалтыг бичүүлж амлалт болгон үлдээж, багш ажилчид, төрийн албан хаагчид, иргэдэд хандсан  “Нэг дуу хоолой”, “Хорт зуршлаас татгалзцгаая” уриалгыг өрнүүлж, “Итгэл найдварын захидал” гардуулах зэргээр ажилласан болно.

 

Аяны хүрээнд зохион байгуулагдсан дээрх ажлуудад оролцсон оролцоо, амжилт, нөлөөллийн ажлуудын үр дүн, цар хүрээ, тухайн сургуулийн хийсэн ажлын тайланг харгалзан үзэж зохион байгуулагчид 2 сургуулийг шилдгээр тодруулсан бөгөөд нэгдүгээр байранд “Соого-сейеко” сургууль, 2 дугаар байранд Өлзийт сумын “Сайн-Оюут” ахлах сургуулийг шалгарч “Дэлхийн зөн” ОУБ-аас санхүүжүүлсэн өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

           

Тус аянд оролцсон сургуулиуд сурагчид,  өсвөр үеийнхнээс гадна тэдний гэр бүл, албан байгууллагуудын ажиллагсад, иргэд рүү чиглэсэн, уриалсан нөлөөллийн үйл ажиллагаануудыг илүү үр өгөөжтэй, бүтээлчээр хандаж зохион байгуулсан үр дүнтэй  байлаа. 

 

Цаашид төрийн байгууллагууд дээрх сургуулиудтай хамтарч хорт зуршлаас сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр насанд хүрэгчдэд нөлөөлөх нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах нь чухал байна.

 

 

Хууль зүйн хэлтэс                                                                                        2016.02.05

НИЙТЭЛСЭН: 2016-02-08 13:41:27