Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

I ХЭСЭГ

ТӨРИЙН АЛБА

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хууль тогтоомж

2.1.Төрийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“төрийн алба” гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг;

3.1.2.“төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;

3.1.3.“чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг;

3.1.4.“сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг;

3.1.5.“албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг.

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.

4.2.Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.

4.3.Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.

4.4.Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.

4.5.Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна.

4.6.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, чөлөөлөх асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН АЛБАНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО, АНГИЛАЛ, ЗАРЧИМ, СТАНДАРТ, САНХҮҮЖИЛТ

5 дугаар зүйл.Төрийн албаны эрхэм зорилго

5.1.Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино.

6 дугаар зүйл.Төрийн албаны ангилал

6.1.Төрийн албыг доор дурдсанаар ангилна:

6.1.1.төрийн улс төрийн алба;

6.1.2.төрийн захиргааны алба;

6.1.3.төрийн тусгай алба;

6.1.4.төрийн үйлчилгээний алба.

6.2.Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ.

7 дугаар зүйл.Төрийн албаны зарчим

7.1.Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:

7.1.1.ард түмэнд үйлчлэх;

7.1.2.мэргэшсэн, тогтвортой байх;

7.1.3.улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх;

7.1.4.Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах;

7.1.5.төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах;

7.1.6.ил тод байх;

7.1.7.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

7.1.8.захирах, захирагдах ёсыг баримтлах.

8 дугаар зүйл.Төрийн албаны стандарт

8.1.Төрийн албаны стандарт нь төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэнэ.

8.2.Төрийн албаны стандарт нь төрийн байгууллага чиг үүргээ, төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн менежментийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг тогтооно.

8.3.Төрийн албаны стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу боловсруулан баталж, мөрдүүлнэ.

9 дүгээр зүйл.Төрийн албаны санхүүжилт

9.1.Төрийн албаны зардлыг төсвөөс санхүүжүүлнэ.

9.2.Төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авах арга хэмжээ нь төрийн албан хаагчид олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмж болон бусад төлбөрийн хэмжээг бууруулах, түр буюу бүрмөсөн зогсоох үндэслэл болохгүй.

9.3.Төрийн албаны санхүүжилт болон төрийн байгууллагын төсвийн хөрөнгийн ашиглалтад тавих хяналтыг төсвийн тухай болон төрийн аудитын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ТӨРӨЛ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ, ТОО БҮРТГЭЛ

10 дугаар зүйл.Төрийн албан тушаалын ангилал, төрөл

10.1.Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна:

10.1.1.төрийн улс төрийн албан тушаал;

10.1.2.төрийн захиргааны албан тушаал;

10.1.3.төрийн тусгай албан тушаал;

10.1.4.төрийн үйлчилгээний албан тушаал.

10.2.Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна.

10.3.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ.

10.4.Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

11 дүгээр зүйл.Төрийн улс төрийн албан тушаал

11.1.Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:

11.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;

11.1.2.Монгол Улсын Их Хурлын дарга;

11.1.3.Монгол Улсын Ерөнхий сайд;

11.1.4.Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн;

11.1.5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн;

11.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;

11.1.7.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, дэд сайд;

11.1.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх;

11.1.9.бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч;

11.1.10.улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал;

11.1.11.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал;

11.1.12.хуульд заасан бусад албан тушаал.

11.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно.

11.3.Улс төрийн албан хаагчийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан нь тухайн албан тушаалтанд шууд захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд тухайн байгууллагад харьяалагдана.

12 дугаар зүйл.Төрийн захиргааны албан тушаал

12.1.Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна:

12.1.1.Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн, ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал;

12.1.2.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны ажлын алба, бүх шатны шүүхийн Тамгын газар, шүүхийн захиргааны бусад байгууллага, прокурорын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал;

 

НИЙТЭЛСЭН: 2021-09-13 06:51:11