1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль тогтоомж
2.1.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль тогтоомж нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай, Нийгмийн халамжийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь эх хамаарна:
3.1.1.дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх;
/Энэ заалтад 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.2.шинээр “Эхийн алдар” одон авсан эх.
3.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.3.Энэ хуулийн 4.1.1-д заасан “зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн”, 4.1.2-т заасан “дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдгийг энэ хуулийн 3.2-т заасан агуулгаар төсөөтэй хэрэглэж ойлгоно.
/Энэ хэсгийг 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд олгох урамшуулал
4.1.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг дараахь одонгоор шагнана:
4.1.1.зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор;
4.1.2.дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор.
4.2.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан одон бүхий эхэд хуульд заасан журмын дагуу мөнгөн тусламж олгоно.
5 дугаар зүйл. Бүрдүүлэх баримт бичиг
5.1.Энэ хуулийн 4.2-т заасан мөнгөн тусламж авах эх дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага, эсхүл сумын нийгмийн ажилтанд өгнө:
5.1.1.”Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгийн, эсхүл “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5.1.2.иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5.1.3.мөнгөн тусламж авахыг хүссэн өргөдөл.
6 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
6.1.Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ