АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ
214 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Онцгой комиссын 10 дугаар хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээлэл, цаг агаарын ойрын өдрүүдийн болон 2024 оны 2 дугаар сар хүртэлх төлөв, эрчим хүч, шугам сүлжээ, отрын бүс нутаг, худаг усны хүртээмж, шатахууны нөөц, төв суурингийн өвөлжилтийн бэлэн байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Улсын болон аймгийн аюулгүйн нөөцийн хадлан тэжээл хангагдсан, сумдын нөөц бүрдүүлэлт хийгдэж байна.

Аймгийн нийт газар нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, Их-Уул, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумдад хамгийн их буюу 15,6 -21,1 см цасан бүрхүүл тогтоод байна. Урьдчилсан төлөв байдлаар нийт сумдын 70 хувьд зуд болох нөхцөл байдал үүссэн.

Одоогоор Алдархаан, Дөрвөлжин, Ургамал сумын баруун хойд хэсгээр хур тунадас багатай байна.

Цаг уурын урьдчилсан төлвөөр энэ жил олон жилийн дунджаас их цас орох, хүйтрэх төлөвтэй байгаа юм.

Аймгийн ЭМГ-ын мэдээллээр томуугийн вакцинжуулалтыг эрсдэлтэй бүлгийн хүн ам буюу жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, хүүхэд, эрүүл мэндийн салбарын ажилтан алба хаагчдад хийж эхлээд байна. Вакцинжуулалт өнөөдрийн байдлаар 78,3 хувьтай байгаа юм. Сумдын эм тарианы хангамж бүрдэлт хийгдсэн боловч зарим сумд түргэн тусламжийн машингүй байна. Бүх сумдад эмчтэй болсон гэсэн мэдээлэл өглөө.

"Завхан АЗЗА" ТӨХК- аас ирэх оны 4 дүгээр сар хүртэл “Солонгот”, “Ганц”, “Загастай”, “Долоо”, Согоот”- ын давааны чиглэлд шуурхай хэсэг гарган өвлийн зам арчлалтыг хийж байна.

Ганцын даваанд 15 км замд хусалт хийсэн, Загастайн давааны замд хусалт хийж, давс элсний холимог цацах ажил эхэлсэн гэсэн мэдээлэл өгөв.

Аймгийн хэмжээгээр дизель түлш, АИ-92 бензиний нөөц багатай байна.

Эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 98 хувьтай хангагдсан боловч зарим сумд байгалийн давагдашгүй онцгой нөхцөл үүссэн үед тог цахилгаан, дулаан хангамжгүй болох эрсдэлтэй, нөөц эх үүсвэр бэлтгээгүй байгааг анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

“Амь- Ус” ХХК-аас шугам сүлжээний засвар, өвөлжилтийн бэлтгэлээ 96 хувьтай хангаад байна. Улиастай суманд ус түгээх 23 байр байгаагийн 4 нь 24 цагаар ажиллаж байна.

11 дүгээр сарын 3-наас 5-ны өдрүүдэд болсон гамшигт үзэгдлийн үед аймгийн болон сумдын Онцгой байдлын албанд 10 хүн төөрсөн гэсэн дуудлага ирж, алба хаагчид 11 машинтай 1326 км газарт 64 цагийн эрэл хайгуул хийсний үр дүнд 7 хүний амь насыг аварч, 3 иргэн өөрөө эсэн мэнд гэртээ иржээ.

Хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр онцгой тохиолдолд арга хэмжээ авах аймгийн хэмжээний бүрэн зураглал гаргах, зураглалд отрын бүс нутаг, бүх багийн хүн, мал, жирэмсэн эх, хүүхдийн тоог нарийн гаргаж, шаардлагатай үед тусламж үйлчилгээг хүргэх тооцоо судалгааг бэлэн болгох, техник тоног төхөөрөмж, өвс тэжээл, зам даваанууд, авто зам, шугам сүлжээний зураглалыг нарийн гаргаж таницуулахыг үүрэг болгов.

Мөн аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх, аймгийн ХХААГ-аас сумдын мэдээллийг нэгтгэн 7 хоног тутамд танилцуулж байх, мэдээллээ шуурхай солилцох, малчдад хүргэх цаг агаарын масс мессежийг шуурхай хүргэж байх чиглэлүүдийн өглөө.

2023-11-09 00:00:00