Монгол улсын цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Завхан аймгийн цагдаагийн газар, ХААН банкны салбартай хамтран “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриан дор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
1669 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Гомбодорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга С.Болортуяа, Тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Т.Мөнхтөр, Тахарын албаны дарга Д.Самдан, Өмгөөлөгчдийн холбооны тэргүүн Д.Содномцэрэн, Нотариатын холбооны дарга Д.Гантөмөр, Цагдаагийн газрын ахмадын холбооны дарга, бэлтгэл дэд хурандаа Н.Баатар, Иргэний зөвлөлийн дарга Д.Цэвэлмаа, Завхан аймаг дахь ХААН банкны салбарын менежер Б.Нарантуяа нар болон цагдаагийн газрын алба хаагчид, ард иргэд оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд цагдаагийн газрын дэргэдэх цахилгаан хөгжмийн “Энхийн харуул” хамтлагийн уран бүтээлчид, Улиастай сумын 5 дугаар цэцэрлэгийн багачууд урлагийн үзүүлбэрүүд үзүүлсэн юм.

Өдөрлөгт оролцсон ард иргэд цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт гаргаж  мөн үйл ажиллагаанд ашиглаж буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй танилцах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа болон жолоочийн хуучин үнэмлэх солиулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх  үйлчилгээ авлаа. Түүнчлэн жолоочийн бүртгэлийн оноо тооцох журмын тухай, Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийн элсэлтийн журамтай танилцаж мөн хувь хүний эзэмшдэг галт зэвсгийг бүртгэж гэрчилгээ олголоо.

Аймгийн цагдаагийн газар нь олон нийт, төр , хувийн хэвшлийн  хамтын ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглдэлээр олон төрлийн арга хэмжээг үе шаттайгаар уламжлал болгон сөн шинээр санаачлан олон нийтэд хүртээмжтэйгээр тогтмол явуулдаг билээ. Тийм ч учраас Улсын хэмжээнд гэмт хэргийн бууралт хамгийн өндөр буюу өмнөх оноос  27,9 хувиар буурсан бөгөөд улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй байдаг малын хулгайн гэмт хэрэг сүүийн 5 жилд тогтмол буурч илрүүлэлтээрээ улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа нь алба хаагчдын нөр их хөдөлмөр, сэтгэл зүрх хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой юм.

2016-05-16 09:08:52