Завхан аймаг нь Бүгд Найрамдах Солонгос улсын Чонгжу хоттой хамтын ажиллагааны гэрээ байгуулан 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Чонгжу хотын дарга Хам Бом Догийн урилгаар Завхан аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, Засаг дарга Ж.Жамъянтив тэргүүтэй төлөөлөгчид тус хотод ажлын айлчлал хийлээ. Чонгжу хотын дарга Хам Бом Дог болон хотын орлогч дарга Чой Буг Сү, ИТХ-ын дарга Им Ги Жүн нар Завхан аймгийн төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авч уулзсан бөгөөд хоёр хотын цаашдын хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо. Энэ үеэр Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив хамтын ажиллагаагаа илүү бодитой түвшинд хөгжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлээд хотын ногоон байгууламж, төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг өндөр түвшинд шийдсэн тус хотоос энэ чиглэлээр мэргэжилтэн урьж ажиллуулах, солилцох, газар зохион байгуулалт ландшафтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, оюутан сургах, Завхан аймагт Чонжугийн нэрэмжит гудамж бий болгох зэрэг тодорхой саналуудыг тавилаа. Чонгжу хотын зүгээс ч дээрх саналуудыг нааштайгаар хүлээн авсан бөгөөд ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Түүнчлэн Монгол ахуй соёлоо сурталчилах үүднээс Чонгжу хотод гэр бэлэглэхээр болсон юм.
Тус хотод 2 жил тутамд зохион байгуулагддаг Олон улсын гар урлалын үзэсгэлэнг үзэж сонирхсон нь айлчлалын бас нэгэн чухал хэсэг байлаа. Энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулж буй энэ үзэсгэлэнд орон орны шилдэг уран бүтээлчдийн 6000 гаруй гайхамшигтай бүтээл оролцож олны сэтгэлийг баясгаж байсан юм. Цаашид энэхүү олон улсын гар урлалын үзэсгэлэнд Завхан аймгаас бүтээлүүд оролцуулахаар боллоо.
Мөн Завхан аймгийн төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн өргөө болон хотынхоо үзэсгэлэнт газруудаар аялуулсан бөгөөд ирэх жил Завхан аймагт хийх айлчлалын урилгыг баяртайгаар хүлээн авлаа.