"ХҮНДЭТГЭН УРЬЯ" ТАЛАРХЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
941 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүн бүрт чин сэтгэлийн талархлаа  илэрхийлэхийг хүсдэг хүндтэй хүмүүс байдаг. Тэгвэл Завхан аймгийн ЗДТГ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөл хамтран "Хүндэтгэн урья" талархлын үйл ажиллагааг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн үйл ажиллагаанд 100 гаруй хүн эрхэм хүндтэй хүмүүсээ урьж нийтдээ 200 гаруй иргэн оролцлоо. Уригдсан зочдын ихэнх нь олон сайхан үр хүүхэд төрүүлж, өсгөсөн ижий нар байлаа. Монголчууд дараалан 3 ба түүнээс дээш хүү төрүүлсэн эмэгтэйг "Дархан бэр" хэмээн өргөмжлөн хүндэлдэг. Энэ жилийн "Хүндэтгэн урья" талархлын үйл ажиллагааны үеэр 9 дархан бэрд хүндэтгэл үзүүлж алдаршууллаа.

Энэ жилийн үйл ажиллагааг 1000 цэцэгсийн баяртай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Олон бүтээлч эмэгтэйчүүд, сургууль, цэцэрлэгийн багш, суралцагчдын хамтын хөдөлмөр шингэсэн гоёмсог цэцэгсээр хүрээлсэн халуун дулаан орчин талархлын үйл ажиллагааны хүндтэй зочдыг угтсан юм.

Гал голомт, удам угсаагаа залгамжлах олон хүү төрүүлж өсгөсөн дархан бэрүүдийг аймгийн Засаг дарга энэ үеэр Завхан аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдийн шагналыг гардуулан өглөө. Сэтгэлийнхээ гүнд хүндэтгэн хайрлаж явдаг эрхэм хүмүүстээ талархлаа илэрхийлэх боломж олгодог "Хүндэтгэн урья" үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-03-14 10:11:29