Аймгийн Засаг дарга Д.Батсайхан 24 сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн удирдлагууд, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2018 онд "Төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ" байгууллаа. Энэхүү гэрээ нь сумын Засаг дарга, албан байгууллагын удирдлагууд төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, төсвийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг дарга, сум, албан байгууллагын дарга нарын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, эцсийн үр дүнг үнэлж дүгнэн орон нутгийн төсвийн санхүүжилт, тусгай зориулалтын шилжүүлгийн орлогоор үзүүлэх төрийн ба нийтлэг үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм. Завхан аймаг "Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах жил" болгон зарласантай холбогдуулан энэ жилийн гэрээнд ажлын хариуцлагыг бүх шатанд сайжруулах тухай заалтуудыг түлхүү тусгажээ. Мөн сум, агентлаг, албан байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, албан байгууллага, цаашлаад төрийн албан хаагч нэг бүрийн хариуцах ажлыг тодорхой, нарийн зааж өгснөөрөө онцлогтой болжээ.
Гэрээнд Завхан аймгийн төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчмыг бүх шатны төрийн байгууллагад мөрдүүлэх, иргэндээ үйлчилдэг төртэй байх үүднээс төрийн албан хаагч бүр айл өрхүүдийг хариуцан, иргэдийнхээ санал бодлыг сонсож, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх тухай заалтуудыг тусгажээ. Түүнчлэн энэ жилээс сумын Засаг дарга босоо удирдлагатай агентлагийн дарга, мэргэжилтэн "Гурвалсан гэрээ" байгуулдаг боллоо. Ингэснээр сумын хэмжээнд төрийн ажлын уялдаа холбоо сайжирч, ажлын бүтээмж, үр дүн нэмэгдэх юм.
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай өмнө нь Хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй бол энэ жилээс эхлэн хуулийн дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулдаг боллоо. Сахилга, хариуцлагыг сайжруулах жилийн хүрээнд ажлын тайлан болон иргэдийн үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан, төрийн албаны шалгалт өгөөгүй, санхүүгийн зөрчилтэй 5 сургууль, 5 цэцэрлэгийн эрхлэгчтэй аймгийн Засаг дарга гэрээ байгуулахаас татгалзсан бол эхний 5 байрт шалгарсан сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг шагнаж урамшууллаа.
Б.Оюун-Эрдэнэ