Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан билээ. Тэгвэл Завхан аймаг “Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах” жил болгон зарлаж төрийн албаны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Орон нутагт анх удаа зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөн нь төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримтлан, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагыг өндөржүүлэн, удирдах ажилтнуудын манлайллыг дээшлүүлж, Төрийн албаны стандартын хэрэгжилтийг бүх түвшинд жигд хангуулж ажиллах зорилготой юм. Зөвлөгөөнд 24 сумын 300 гаруй удирдах албан тушаалтнаас гадна МУ-ын ЗГХЭГ, Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг урилгаар оролцож мэдээлэл өглөө. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан нээлтийн үгэндээ Завхан аймгийн төрийн алба ард иргэддээ хүнд сурталгүй, түргэн шуурхай, шударга үйлчлэх, иргэдээ тогтмол сонсдог болох зорилгод тодорхой алхам хийсэн үр дүнтэй зөвлөгөөн болно гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Мөн аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа мэндчилгээ дэвшүүлж, аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Л.Лхамсүрэн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн зорилт, чиг үүрэг, ажлын товч мэдээллийг танилцууллаа.
Завхан аймгийн 216 байгууллагад 5783 төрийн албан хаагч ажилладаг. Төрийн албан хаагч бүр 3-5 айл өрхийг хариуцан, иргэдийнхээ санал бодлыг сонсож, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гүүр болон ажиллаж байгаа юм.
МУ-ын Ерөнхий сайдын сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Зөвлөгөөнөөр аймгийн Засаг даргын санаачилсан “Завхан аймгийн төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчим”-ыг хэлэлцэж баталлаа. Хариуцлагатай байх, Хүнд сурталгүй байх, Иргэдтэй ойр байж, тэдний санаа бодлыг сонсдог байх, Шударга, авлигаас ангид байх, Төрийн залгамж халааг хадгалах, Багаар ажиллах, Манлайлал, өөрийгөө байнга хөгжүүлэх, Шуурхай, цаг хугацааг баримтлах, Гүйцэтгэлийн хяналтыг байнга тавих гэсэн 9 зарчмыг төрийн албан хаагч бүрийн ажлын байрны тодорхойлолт, Үр дүнгийн болон Хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Б.Оюун-Эрдэнэ