ЗАВХАН АЙМАГ МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, МАЛАА ЭРҮҮЛ БАЙЛГАХАД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА
1262 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Одоогоор улсын хэмжээнд мал амьтны гоц халдварт өвчингүй 3 аймаг байгаагийн нэг нь Завхан аймаг юм. Хил залгаа аймгуудад өвчний дэгдэлт ихэссэн энэ үед Завхан аймаг Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийнхээ  зөвлөгөөнийг зохион байгуулж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл бүс нутгаа хадгалж үлдэх талаар тодорхой үүрэг чиглэл өглөө. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар бол Завхан аймгийн эдийн засгийн хөгжлийн үндсэн тулгуур салбар юм. Тиймээс малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малаа эрүүл байлгахад онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өгч, салбарын мэргэжилтнүүд хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах талаар зөвлөлдлөө. Энэ үеэр малчид, иргэд хил залгаа аймаг сумруу аль болох зорчихгүй байх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа хийхгүй байх тал дээр онцгойлон анхаарах хэрэгтэйг хэлж байлаа. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөнд 24 сумын 120 мэргэжилтэн оролцлоо.

Өнгөрсөн жилээс эхлэн ажиллуулж байгаа Солонготын давааны постыг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, Согоотын даваан дээр пост гаргахаар боллоо. Ялангуяа отроос ирж байгаа малд онцгойлон анхаарч, шаардлагатай тохиолдолд ариутгал халваргүйжүүлэлт хийх үүрэг өглөө. Малын гоц халдварт өвчингүй эрүүл бүс нутгаа хадгалах өндөр хариуцлага хүлээж байгаа сумдын мал эмнэлэг үржлийн тасгуудад ХХААХҮЯамны санхүүжилтээр шинэ мотоцикль олгосон нь цаг үеэ олсон хөрөнгө оруулалт боллоо.

Малын гоц халдварт өвчин эмгэг үүсгэх бас нэг эх үүсвэр нь үхсэн малын сэг зэм юм. Тиймээс сум бүр нядалгааны, үхсэн малын сэг зэмийн байршлыг тогтоон 1-2 цэг дээр бөөгнүүлж, Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтан дор ариутгал, устгалын ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-03-19 11:40:14