ЗАВХАН АЙМАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 97 ЖИЛИЙН ОЙ, "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
1242 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Аймгийн засаг даргын 2018 оны А/93 дугаар захирамжаар Зэвсэгт хүчний 97 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 11-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрүүдэд аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд амжилттай зохион байгууллаа. 03 дугаар сарын 11-14-ны өдрүүдэд спортын 7 төрлөөр 138 багц медалийн төлөө 15 байгууллагын 460 гаруй тамирчид өрсөлдлөө. Багийн дүнгээр Зэвсэгт хүчний 325 дугаар анги тэргүүн байрт шалгарч шилжин явах цомын эзэн болж, Хилийн 0277 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар удаах байруудад шалгарлаа.

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Зэвсэгт хүчний 97 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн нэрэмжит марш тактикийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Багийн дүнгээр Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тасаг тэргүүн байр, аймгийн Цагдаагийн газар дэд, аймгийн Онцгой байдлын газар гутгаар байруудад  шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эздээр тодорлоо.

2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 128 бөхийн барилдааныг Зэвсэгт хүчний 325 дугаар анги зохион байгууллаа. Бөхийн барилдаанд Завхан аймгийн Алдархаан сумын харъяат Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бөх улсын начин Л.Лха-Очир түрүүлж, Завхан аймгийн Отгон сумын харъяат, Даян бөхийн дэвжээ, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бөх аймгийн арслан Т.Бэгзсүрэн үзүүрлэлээ.

 

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын баатар, армийн генерал Батын Доржийн хөшөөнд цэцэг өргөх ажиллагаагаар баярын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ эхэлсэн юм. Үүний дараа аймгийн төв талбайд аймгийн төрийн цэргийн байгууллагуудын болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүний нэгдсэн тооллогын арга хэмжээг зохион байгууллаа.

Аймгийн ХЖТеатрт Зэвсэгт хүчний 97 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын хурал, хүндэтгэлийн концерт боллоо. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, ахмад дайчдын төлөөлөл бэлтгэл дэд хурандаа Л.Тэрбиш, Цогтбаатар,  Дэчинсамбуу болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Баярын хурлын үеэр 5-аас дээш эрэгтэй хүүхэд төрүүлж өсгөн, бүх хүүхдээ цэргийн жинхэнэ алба хаалгасан Улиастай сумын иргэдийг алдаршуулан хүндэтгэж аймгийн Засаг дарга Д.Батсайхан Хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа.

Мөн энэ үеэр аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын зарим албан хаагчдыг яамны болон, агентлаг, орон нутгийн удирдлагын шагналаар шагнаж урамшууллаа.

 

Ийнхүү Монгол Улсад шинэ цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг алба хаагчид, иргэдэд эх оронч үзэл, бахархалыг төрүүлэх, тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилах чиглэлээр олон үйл ажиллагааг өргөн дэлгэр зохион байгуулав.

 

2018-03-20 11:58:08