Завхан аймаг "Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг"-т шилжих зорилт тавин ажиллаж байна. Тиймээс өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилгоор өнгөрсөн онд 1500 орчим эмэгтэйчүүдийг оёдол, уран хатгамал, эсгий, эсгий эдлэлийн сургалтанд хамруулсан. Сургалтад хамрагдсан бүсгүйчүүд ч олон сайхан бүтээлүүд урлаж аймаг орон нутгаас зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаануудад идэвхтэй оролцож өрхийн орлогоо нэмэгдүүлж байна. Энэ удаад Завхан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, Уран хатгамалчдын "Эгнэшгүй санаа" төв, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, ДЗОУБ-ын Эдийн засгийн төсөл, МЭХ-ны Завхан салбар хамтран "Уран хатгамлын гайхамшиг" ахисан шатны сургалтыг 7 хоногийн хугацаанд зохион байгуулж, 24 сумын төлөөлөл 30 гаруй эмэгтэйчүүд оролцлоо. Сургалтыг уран хатгамалч С.Оюундарь багш удирдан зохион байгуулж уран хатгамал, зүү ороох оёдол, зоосон ширээсний сүлжмэл, зээгт наамал, задгай хатгамлыг ахисан түвшинд зааж сургалаа.
"Уран хатгамлын гайхамшиг" ахисан шатны сургалтанд хамрагдсан бүсгүйчүүд сум сумандаа очоод сурсан мэдсэн зүйлээ бусад эмэгтэйчүүддээ зааж сургах юм. Ингэснээр олон эмэгтэйчүүд илүү өндөр түвшинд бүтээлүүд урлаж, өрхийн орлогоо нэмэгдүүлнэ. Завхан аймаг ийнхүү "Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг"-т шилжих зорилт тавин ажиллаж, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин ажилласны үр дүнд өрхийн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оноос 20 хувиар өслөө.
Б.Оюун-Эрдэнэ