МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
702 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймагт ажиллалаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар угтаж, Улиастай цэргийн хүрээ хүндэтгэн жагслаа.  

Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн ХЖТеатрт иргэдтэй уулзалт зохион байгуулж, тэдний  санал хүсэлтийг сонсон асуултуудад хариулт өгч ажиллалаа. Индэрт иргэдийн төлөөллийг урьснаар уулзалтын үйл ажиллагаагаа эхэлсэн юм.

Иргэдийн зүгээс оффшорчидтой хатуу тэмцэж тэдний хөрөнгийг эх орондоо татах, тэтгэвэр нэмэх, зээлийн хүүг бууруулах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байгуулах, залуучуудыг эх орондоо өндөр цалинтай ажиллах боломжоор хангах, амлалтаа биелүүлж ард иргэдийг өр зээлнээс салгах, чанаргүй их дээд сургуулийн тоог цөөлөх, Завхан аймагт дулааны цахилгаан станци барих зэрэг асуудлыг хөндөж 27 иргэн саналаа хэллээ.

Иргэдийн хамгийн их асуусан оффшорт байгаа хөрөнгийг татах, өр зээл тэглэх, залуучуудыг ажилтай орлоготой болгох талаар Ерөнхийлөгч дараах хариултыг өглөө. “Монгол улсын нийслэл, аймгийн төвүүдийг шинэчилж хөдөөгийн хөгжил рүү хөрөнгө зарах хэрэгтэй, Улаанбаатарт 24 хувь, хөдөө орон нутагт 38 хувьтай байгаа ядуурлын түвшинг бууруулахын тулд МУ-ын Засгийн газар томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг зоригтой эхлүүлэх хэрэгтэй. Бүтээн байгуулалтын ажилд цэргийн насны залуучуудыг дайчилж 1-3 жилийн хугацаатай "Цалинтай Монгол цэрэг" хөтөлбөр хэрэгжүүлэх санаачлагыг гаргаад байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөс оффшорт байгаа их хэмжээний мөнгийг эх орондоо татах талаар тусламж хүссэнээс гадна Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй оруулж өгөх тухай хүсэлтийг тус тус тавьсан. Ингэснээр 30-40 мянган ажлын байр бий болно. Байгалийн баялгийг иргэдэд эрх тэгш хуваарилах ёстой. 2017 онд Тавантолгой 1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Улсад 213 тэрбум төгрөгийн татвар төлж, 200 гаруй тэрбум төгрөгийн "Чалко"-гийн өрийг дарж, 438 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан мэдээ байна. Тиймээс бусад ордуудыг ч үр дүнтэй  зөв ашиглаж чадвал 380 мянга гаруй ахмадын авсан 680 орчим тэрбум төгрөгийн өрийг тэглэх боломжтой. Газрын доорх баялаг ард түмний өмч атал хэдхэн хүн баяжих ёсгүй” гэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа орд газруудыг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хуулийн төсөл боловсруулж байгаагаа хэлсэн юм. Уг төслийг УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө орон нутагт ажиллах үеэр иргэдээс гарсан саналыг өөрийн саналтайгаа нэгтгэн МУ-ын Засгийн газар, УИХ-д өргөн барих юм байна.

 

Б.Оюун-Эрдэнэ 

2018-03-22 01:35:07