УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯАГИЙН САНААЧЛАГААР “ХАВДРЫН ЭСРЭГ ХАМТДАА” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
549 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хорт хавдрын өвчлөл манай улсын хүн амын нас баралтын 2 дахь шалтгаан болж байна. Ялангуяа Завхан аймагт хавдрын өвчлөлийн хэмжээ улсын дунджаас өндөр, нийт нас баралтын 48 хувийг эзэлж байгаа юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяа иргэдийн эрүүл мэндэд тулгамдаж буй энэ асуудалд онцгойлон анхаарч өнгөрсөн жил аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдрын хөнгөвчлөх үйлчилгээний тасагт шаардлагатай тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх талаар  тодорхой арга хэмжээ авч ажилласан байна. Тэгвэл энэ удаад Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран 2018 оны 03 сарын 06-10-ны өдрүүдэд хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог зохион байгууллаа. Нарийн мэргэжлийн эмч нарын баг элэг, цөс, нойр булчирхай, умайн хүзүүний хавдар, хавдрын урьдал, хөхний хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийж Улиастай сумын 1503 иргэн хамрагдлаа. Үүнээс 45 иргэн өвчнөө эрт илрүүлж, шуурхай эмчилгээнд хамрагдахаар болсон байна.  

 

Цаашид хорт хавдыг эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд иргэдийг тогтмол хамруулах, хавдрын өвчлөлийн шалтгааныг судалж эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд хүргэх, эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эмчилгээний арга, аргачлалыг шинэ шатанд гаргахад төрийн бодлогыг оновчтой болгох чиглэлээр олон ажлыг санаачлан зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-03-11 10:29:09