Завхан аймаг Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийг аймгийн Засаг дарга Д.Батсайханы санаачилсан “Сайн эмч” хөтөлбөрийн хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуультай хамтран үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүллээ. Эмч нарыг орон нутагт нь тасралтгүй сургалтаар хангах, анагаах ухааны шинэ дэвшилтэт технологийг хөдөөгийн эмч нарт таниулан сургах, орон нутагт тулгамдаж байгаа эрүүл мэндэд халгаат хүчин зүйлсийг судлан шинжлэх, шүүн хэлэлцүүлэх, ажил мэргэжилдээ санаачилгатай, сэтгэл зүтгэлтэй ажиллаж байгаа эмч нарыг алдаршуулан дэмжих чиглэлээр олон ажлыг санаачлан зохион байгууллаа. Тухайлбал, “Эрсдэлгүй эрүүл мэндийн тусламжийг иргэн бүрт” эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал, ур чадварыг сайжруулах 2 өдрийн сургалтанд Завхан аймгийн эрүүл мэндийн салбарын 100 эмч мэргэжилтэн хамрагдаж мэргэжил, ур чадвараа дээшлүүллээ. Мөн АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль, Баруун бүсийн шүдний эмч нарын хамтарсан багш шавийн эрдмийн анхдугаар уулзалт, лекц, эмнэл зүй, ажлын байрны гардан сургалт зохион байгууллаа.
“Сайн эмч” хөтөлбөрийн хүрээнд “Сайн харилцаатай эмч”, “Сайн ур чадвартай эмч”, “Сайн бүтээлч эмч”, “Сайн санаачилгатай эмч”, “Сайн ёс зүйтэй эмч”-ийг ажил мэргэжлийн үзүүүлэлт, иргэдийн санал хүсэлтийг үндэслэн шалгаруулж урамшууллаа.