Өнгөрсөн намар отрын аянд гарч өвлийн 3 сарыг нүүдэллэж өвөлжсөн Их-Уул сумын малчид мал сүргээ онд мэнд оруулан, хаврын урь орж цас ханзарсан энэ өдрүүдэд нутагтаа ирлээ. Хэдийгээр мал туувирлах замд малын өл хоол муу, мал, амьтны гоц халдварт өвчинтэй холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоосон зэрэг хүндрэл гарсан ч гарз хохирол багатай даван тууллаа. Их-Уул сумын оторчид Баянхонгор аймгийн Заг, Жаргалант, Гурванбулаг, Архангай аймгийн Чулуут, Хангай,Тариат, Цахир, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Түнэл, Чандмань-Өндөр сумын 131 цэгт 80 гаруй мянган мал өнөтөй сайхан өвөлжсөн бөгөөд одоогоор бод мал олноороо төллөж байна.
Мал тарга тэвээрэг сайтай онд орсон тул эх мал жилбэ сайтай, төл бүрэн бойжиж байна.