“Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрээнд Цэцэн-Уул суманд төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, бэлтгэх, мал тэжээх, мах бэлтгэх, боловсруулах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах бага оврын үйлдвэр барихад 825 сая 260 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Газар тариалангийн 4 бичил төсөлд 224 сая 260 мянган төгрөгийн санхүүжилт олгосны үр дүнд өнгөрсөн онд 3 га талбайд төмс, хүнсний ногоо, 3 хүлэмжинд жимс жимсгэнэ, нарийн ногоо, 50 га талбайд ногоон тэжээл тариалж 20 гаруй тонн өвс, ногоон тэжээл хураан авсан байна. Мөн төслөөс бага, том оврын тракторууд, хүлэмж, тармуур, преслегч, үрлэгч зэрэг тоног төхөөрөмж олгосон нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлжээ. Мөн малыг эрүүлжүүлэх, чанарыг сайжруулах, мал эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 81 сая төгрөг, МЭҮТ-ийн үйл ажиллагааг дэмжихэд 18 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Уг төслийн хүрээнд “Тэгш улаан туг”, “Бат баян өргөө” хоршоонуудын төслийг дэмжин 520 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мах, сүүн бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хадгалах бага оврын үйлдвэрүүдийг барьж ашиглалтанд орууллаа. Ингэснээр орон нутагтаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зэргэлдээ сумын иргэдийг чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах, ажлын байр нэмэгдэх зэрэг олон давуу талууд бүрдлээ.