Монгол Улсад самбо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан 2018 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөвдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, самбо бөхийн барилдааны Ази тивийн аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Дагвын Баянмөнхийн нэрэмжит болгон зохион байгууллаа. Жирийн малчны гэр бүлд төрж, хөдөө орон нутгаас тив, дэлхийн уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг цуурайтуулсан цөөн тамирчдын нэг бол самбо бөхийн Олон улсын хэмжээний мастер Дагвын Баянмөнх юм. Тэрээр одоо ч төрсөн нутагтаа ажиллаж амьдарч, энэ спортыг орон нутагт хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улиастай хотод болж, Завхан аймгийн удирдлагууд, самбо бөхийн холбооны ерөнхийлөгч, Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэл, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар, Завхан аймгаас төрсөн самбо бөхийн алдартнууд, тамирчид, ард иргэд оролцлоо.
Завхан аймгаас төрсөн самбо бөхийн алдартнууд буюу Дөрвөлжин сумын харьяат, Ази тивийн аварга, Залуучуудын дэлхийн аварга, Насанд хүрэгчдийн дэлхийн аварга, МУГТ О.Цогтгэрэл, Завханмандал сумын харьяат, Монголын анхны эмэгтэй бөхийн төрлийн дэлхийн аварга, МУГТ Л.Бадамсүрэн, ОУХМ Д.Баянмөнхийн шавь, Идэр сумын харьяат, Ази тивийн аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт МУ-ын гарьд Ш.Жаргалсайхан, Эрдэнэхайрхан сумын харьяат, самбо бөхийн дэлхийн цомын мөнгөн медальт, самбо бөхийн ОУХМ, Монгол Улсын харцага М.Дармаабазар, Сантмаргаз сумын харьяат, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Ази тивийн 6 удаагийн аварга ОУХМ Б.Мөнгөнтуяа, Алдархаан сумын харьяат, дэлхийн аваргын мөнгө, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, самбо бөхийн ОУХМ Р.Дэчинмаа, Яруу сумын харьяат, өсвөр үеийн самбо бөхийн дэлхийн аварга, Ази тивийн аварга, ОУХМ Б.Хулан, Эрдэнэхайрхан сумын харьяат, самбо бөхийн ОУХМ Д.Бат-Амгалан нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох хэлэхдээ: "Завханчууд энэ сайхан уул усныхаа өвөрт төрж өссөн учраас энерги, эрч хүчээр дүүрэн ард түмэн юм. Одоогоос 50 жилийн өмнө Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Мюнхений олимпод оролцохын өмнө Отгонтэнгэр хайрханы өвөрт бэлтгэл хийснээр олимпын анхны дөрвөн медалийг хүртсэн сайхан түүхтэй. Самбо бөх бол Монгол Улсаас хамгийн олон дэлхийн аварга, гавьяат тамирчин төрсөн спортын төрөл юм. Одоогоор 37 дэлхийн аварга төрсний дөрвөн тамирчин нь гурваас дээш түрүүлсэн бол, 10 тамирчин хоёроос дээш түрүүлж дэлхийн хошой аварга болсон амжилтыг үзүүлээд байна. Нийт 57 гавьяат тамирчин, дасгалжуулагч төрсөн. Энэ удаагийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг миний шавь ОУХМ Д.Баянмөнхийн нэрэмжит болгон зохион байгуулж буй Монголын самбо бөхийн холбоо, Завхан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэлээ.
Биеийн тамир, спортын газрын “Алтан од” одонгоор “Тэрэгт транс” ХХК-ийн захирал Г.Бат-Эрдэнэ, Монголын Үндэсний олимпын хорооны “Алтан-Очир” одонгоор Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, МҮОХорооны “Олимпын Алдар” одонгоор Эрдэнэхайрхан сумын Засаг дарга А.Балжир, самбо бөхийн “Монгол Улсын спортын мастер” цолоор Эрдэнэхайрхан сумын биеийн тамирын багш О. Ганзориг нар тус тус шагнагдлаа. Мөн Ази тивийн аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Дагвын Баянмөнхийн самбо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж аймгийн Засаг дарга Д.Батсайхан Өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.
Самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг үнэн зөв шүүж, шударга өрсөлдөхөө андгайлж шүүгчид болон тамирчин хүүхдүүд тангараг өргөлөө. Мөн тэмцээний ерөнхий шүүгч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайхан, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар “Шүүгчийн хариуцлагын гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Тэмцээнд 19 аймаг, Улаанбаатар хотын 6 дүүрэг, спортын 5 клубын 400 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Тамирчид нийт 20 жинд өрсөлдөж, багийн болон хувийн дүнгээр шилдгүүдээ тодруулсан юм. Охидын 60 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин Б.Лхам, 65 кг-ын жинд Ховд аймгийн тамирчин О.Саруул, 70 кг-ын жинд Сүлд спорт хорооны тамирчин С.Лхагвадулам, +75 кг-ын жинд Спорт сургуулийн тамирчин А.Адьяасүрэн, -75 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин Л.Уранчимэг, 40 кг-ын жинд Женко клубын тамирчин Г.Нандинцэцэг, 44 кг-ын жинд Боржин төвийн тамирчин Г.Бүрнээбаяр, 48 кг-ын жинд Дархан-Уул аймгийн тамирчин Ц.Гал-Од, 52 кг-ийн жинд Женко клубын тамирчин А.Намуундалай, 56 кг-ын жинд Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн тамирчин Л.Энх-Отгон нар тэргүүллээ. Хөвгүүдийн 48 кг-ын жинд Дархан-Уул аймгийн тамирчин К.Ёолк, 52 кг-ын жинд Женко клубын тамирчин Б.Цогт-Очир, 56 кг-ын жинд Орхон аймгийн тамирчин Б.Цогтбаяр, 60 кг-ын жинд Женко клубын тамирчин Э.Сумьяабазар, 65 кг-ын жинд Орхон аймгийн тамирчин Б.Эрдэнэбаяр, 70 кг-ын жинд СХД-ийн тамирчин Э.Алтангэрэл, 75 кг-ын жинд Женко клубын тамирчин Э.Батбаяр, 81 кг-ын жинд Архангай аймгийн тамирчин С.Мягмарсүрэн, -87 кг-ын жинд Дархан-Уул аймгийн тамирчин Б.Мөнхбаяр, +87 кг-ын жинд Дархан-Уул аймгийн тамирчин Н.Чилэгүнбаатар нар тэргүүллээ. Харин багийн дүнгээр эрэгтэй баг тамирчдыг Г.Энхбаяр дасгалжуулагчтай Женко клуб, эмэгтэй баг тамирчдыг Ц.Очирбат дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн баг тамирчид түүчээллээ.
Завхан аймгийн тамирчдаас хөвгүүдийн 48 кг-ийн жинд Идэр сумын тамирчин Давааням мөнгөн медаль, -87 кг-ийн жинд Түдэвтэй сумын тамирчин Лхагварагчаа мөнгөн медаль, 81 кг-ийн жинд Тэс сумын тамирчин Лхагвадорж хүрэл медаль, охидын 70 кг-ийн жинд Дэвшил сургуулийн сурагч Ц.Энх-Оргил хүрэл медаль хүртлээ.
Б.Оюун-Эрдэнэ